Нөөцийн махыг 4850-5950 төгрөгөөр худалдана

img

Нөөцийн мах худалдаанд гарсантай холбогдуулан ҮХААЯ, НОБГ, МХЕГ болон нөөцийн махны менежер  компаниудын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 9200 тонн, Дархан-Уул аймагт 1000 тонн, Эрдэнэт хотод 1016 тонныг бэлтгэсэн тухай албаны эх сурвалж хэлж байна.

Энэ үеэр ҮХАА-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “Нөөцийн махыг жижиглэнгээр борлуулах сүлжээг байгуулж байна. Одоогоор 238 цэгээр нөөцийн махыг борлуулна. Энэ сарын 15-ны дотор нөөцийн махын менежер компани 320 цэгээр нөөцийн махаа борлуулах  үйл ажиллагааг жигдрүүлнэ гэсэн амлалттай байна.

 Гэрээ байгуулсан цэгүүд  борлуулалт нэмэгдэх хүртэл махны худалдаа  түр хугацаагаар хойшлуулаад байна гэсэн мэдээллүүд байна. Өчигдрийн байдлаар 47 тонн мах нөөцөнд зарагдлаа. Өнөөдрийн  хувьд 62 тонн мах борлуулна. Борлуулалт жигдэрч байна” гэсэн мэдээллийг өглөө.

Түүнчлэн нөөцийн махны менежер буюу “Жаст Агро” ХХК нь нийслэлийн хэмжээнд  нөөцийн махыг борлуулах дэлгүүрүүдийг сонгож гэрээ хийх, сав боодлыг бэлтгэх, жижиглэж, савлах зэрэг бэлтгэл ажлуудыг бүрэн хангаж,  энэ сарын 6-ны өдрөөс борлуулалтын үйл ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Мөн нөөцийн махны менежерийн зүгээс нөөцийн махны гэрээт борлуулагчийн хаягийг нөөцийн мах борлуулж буй бүх аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж байршуулах ажлыг зохион байгуулж байгаа ба нөөцийн махны борлуулалтын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах төлөвлөгөөг гарган ажиллажээ.

Борлуулалтыг өнгөрсөн жилүүдэд мөрдөгдөж байсан стандартын дагуу 2-3 кг-аар жижиглэж савласан байдлаар, 1кг үхрийн махыг 5950 төгрөгөөр, ямааны махыг 4850 төгрөгөөр, хонины махыг 5750 төгрөгөөр тус тус борлуулж байгаа аж.

Ирэх долдугаар сарын15-ны өдөр хүртэл жигд нийлүүлэлт хийж нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах үүрэгтэй ажиллах гэнэ. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр "Өнөө жил нөөцийн махыг хангалттай нөөцөлсөн. Өмнөх жилүүдэд гарсан хүндрэл гарахгүй. ҮХАА  яамны сайт дээр ямар ямар дэлгүүрээр хэдэн  тонн мах борлуулсан хэдэн тонн мах нийлүүлсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг байршуулж  байгаа. Зорилтод зах зээл иргэдийг махаар хангахаар чиглэж байгаа учраас  амралтын өдрүүдэд Нарантуул-2, Хүчит шонхор, Хархорин захуудаар гулууз,  өрөөл махыг худалдана. Гулууз махны хувьд ямаа мах 4400, үхэр 5800 , хонины мах 5500 төгрөгөөр тус тус худалдаална" гэв.

МХЕГ-ын  зүгээс  хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан гаргаж буй нөөцийн махыг хадгалсан 10  зооринд 9 байцаагч хяналт тавьж ажиллаж байгаа аж. Орон нутгаас ирж буй нөөцийн маханд  гарал үүслийн гэрчилгээ болон махны чанарыг ч шалгаж байгаа аж.

Түүнчлэн МХЕГ-аас түрүүчээс нь нөөцийн махыг  шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргаж эхэлжээ. Дүгнэлтийг үндэслэн жижиглэн худалдаанд  нөөцийн махыг гаргахад бэлэн болсон аж.  Цаашдаа МХЕГ-ын даргын гаргасан удирдамжийн дагуу нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нар савлалт, жижиглэнгийн худалдаа хэмжээ тоонд хяналт тавих  ажиллана.  Энэ жилийн хувьд махны чанар харьцангүй сайн байна. Хэрэв чанаргүй мах худалдаанд гарсан бол иргэд МХЕГ хандаж шалгалуулах боломжтой юм байна.Ингэснээр  асуудал гарвал байцаагч нарт хариуцлага тооцохоор болжээ.

ОБЕГ ажилтан Д.Батжаргалын  “Агуулах зооринд өдөр тутам хяналт тавьж ажиллана. Махыг худалдан авах, жижиглэн савлах, худалдан борлуулах үйл ажиллагаанд хяналт тавина. Тоо хэмжээнд хяналт тавина. Өнөөдрийн байдлаар анхаарал татсан зөрчил илрээгүй байна” гэсэн тайлбарыг өгч байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ