Биохимийн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмж бэлэглэв

img

ЭМЯ болон Япон улсын Сисмекс корпораци хоорондын байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр ЭМЯ-наа боллоо. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, Сисмекс корпорацийн Тэргүүн дэд захирал ноён Масаёши Хаяши, тус корпорацийн төлөөлөл, Япон Улсын Элчин сайдын яамны төлөөлөл болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр тус корпорацийн зүгээс Монгол улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулж биохимийн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүлээлгэн өгөв. Гэрээ байгуулж хамтарч ажилласан 5 жилийн хугацаанд чанарын гадаад үнэлгээ явуулсан тухай бүр ЭМЯ, Японы Сисмекс корпорацитай хамтран нийт лабораторийн эмч, мэргэжилтний дунд олон улсын сургалт семинар зохион байгуулан чанарын гадаад үнэлгээний дүн, тайланг тавьж, хяналтад оролцогсдод гэрчилгээ, үнэлгээний хуудас, тайлангийн номыг хүргүүлж ирсэн. Үүний зэрэгцээ Сисмекс корпораци нь лабораторийн эмч нарын хүсэлтээр тэдэнд тулгамдаж буй сэдвээр, лабораторийн чанарыг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн чанартай шинжилгээ хийх талаар Японы нэр хүндтэй мэргэжилтнүүдийг ирүүлж сургалт явуулж байгаа нь энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа бидэнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт болж байгаа төдийгүй, манай лабораторуудын чадамж болон лабораторийн шинжилгээний чанарыг сайжруулахад ихээхэн түлхэц өгч байна гэж бодож байна. Тухайлбал: Гематологийн чанарын гадаад үнэлгээнд анх 58 лаборатори хамрагдаж байсан бол 10 дахь удаагийн чанарын гадаад үнэлгээнд 148 лаборатори, биохимийн анхны чанарын гадаад үнэлгээнд 50 лаборатори хамрагдаж байсан бол 143 лаборатори болж өссөн байгаа байдлыг харахад энэ үйл ажиллагаа нь хэр их хэрэгцээтэй, шаардлагатай байгааг харуулж байна. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр байрлаж буй чанарын баталгаажилтын лавлагаа лабораторид биохимийн стандарт анализаторыг буцалтгүй тусламжаар суурилуулж өгч байгаа нь бидний хувьд чанартай шинжилгээний оргил руу дөхөхөд том алхам болно гэдгийг албаны хүмүүс хэллээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ