Сири улсад дайн дэгдээд хоёр жил боллоо

img

Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг эсэргүүцсэн ард түмэн сөрөг хүчин болсноор Сири улсад анхлан дайн тулааныг эхлүүлсэн билээ. Энэ хугацаанд олон улсын байгууллагууд НҮБ, Европын холбоо  дайныг дуусгахыг удаа дараа шаардаж,  албан  бичиг хүргүүлж байсан ч дайн зогсолгүй үргэлжилсээр байгаа. Харин хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа дайныг зогсоох үүднээс энэ өдрүүдэд Европын холбооны улсууд зөвлөлдөж байна. Зөвлөгөөнд нэлээд чухал оролцоотой орноор ОХУ-ыг нэрлээд байгаа юм. Учир нь ОХУ Сирийн босогчидтой холбоотой,  дэмжлэг үзүүлж байгаа. Зөвлөгөөнд оролцож байгаа улсуудын ихэнх нь Сирийн сөрөг хүчнийхнийг дэмжих хандлагатай байгаа. Гэтэл саяхан ерөнхийлөгч Башар аль-Ассад мэдэгдэл хийж албан тушаалаасаа буухгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ байдлаас харахад тус улсад болж байгаа дайн дуусах болоогүй хэмээн олон улсын ажиглагчид хэлж байгаа юм. Хоёр жилийн хугацаанд Сирид албан ёсны тоогоор 70 мянган хүн, албан бус тоогоор 90 гаруй мянган хүн амь насаа алдаад байна. Амь насаа алдагсад нь ихэвчлэн 20-40 насны идэр залуус байгаа юм.Түүнчлэн нэг сая гаруй иргэн бусад хөрш зэргэлдээ улсуудад дүрвэн гарчээ. Харин тэдгээр дүрвэгсдийн дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд байгаа гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн сан мэдээлж байна. Дүрвэн гарсан болоод улсдаа байгаа хүүхдүүдийн эрх  хамгийн их зөрчигдөж байгааг аж. Өнөөдрийн байдлаар энэхүү  дайнд хоёр сая гаруй хүүхэд оролцож байгаа гэнэ. Тэдгээр хүүхдүүдийг туслах ажилчин байдлаар ажиллуулж байгаа бөгөөд зарим тохиолдолд дайны талбарт ч тулалддаг аж. Харин дүрвэн гарсан хүүхдүүдийн хувьд сургууль завсардаж, хоол хүнсний дутагдалд орж, хүнд нөхцөлд амьдарч байгаа билээ. Хэдийгээр дүрвэгсдэд хүмүүнлэгийн байгууллагууд тусламж, хоол хүнс илгээдэг боловч хүрэлцээ муу байдгаас дүрвэгсдийн хуаранд олон мянган хүн өлсөж байгаа. Түүнчлэн энэ жилийн өвөл Ойрхи Дорнодод нэлээд хүйтэн байсан нь байдлыг хүндрүүлсэн юм. 2011 оны гуравдугаар сарын 15-нд өмнөд нутгийн Дара хотоос эхэлсэн иргэний дайн өнөөдрийн байдлаар нийслэл Дамаск болон Хама, Хом зэрэг хотуудад голлон болж байгаа. Дайны хор уршгаар хотууд балгас болсон бөгөөд соёлын дурсгалт өвүүд ч устан алга болжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ