Төрийн нууцад халдсан уу
Монголд төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан албан тушаалтнууд задруулж түрүүчээсээ шүүхээс ял сонссон тохиолдол нэг биш удаа бүртгэгдсэн.
Тэгвэл өнгөрөгч хугацаанд төрийн нууц задруулсан гэх дуулианд хэн хэн нэр холбогдож байсныг дор өгүүлье.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Ж.Амарсанаа
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Амарсанааг УИХ-ын 2012 оны сонгуулиар сонгогчдын нэрсийн жагсаалтыг будилаантуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хууль хяналтынхан шалгаж эхэлсэн юм. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээллээр Ж.Амарсанааг төрийн нууц задруулсан хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй.
Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын албаны дарга асан В.Нямханд
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны дарга асан В.Нямханд нууц задруулсан хэрэгт шалгагдаж эхэлсэн билээ. Түүнд холбогдох хэргийг хууль хяналтынхан бүтэн жилийн турш шалгаж эцэст нь цагаатгасан.
Зарим эх сурвалжийн мэдээллээр В.Нямханд нь тагнуулын байгууллагаас халагдсаныхаа дараа тус газрын албан хаагчдын мөрддөг дотоод хууль, дүрмийг зөрчин сэжиг бүхий хүмүүстэй уулзан гадаад улс руу зорчсон гэсэн мэдээлэл ч бий. Уг нь тагнуулын ажилтан албанаасаа чөлөөлөгдсөн бол хуульд зааснаар гурван жилийн дотор гадаад руу зорчихгүй байх ёстой, хэрэв зайлшгүй шаардлага гарвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд илтгэх хуудас бичиж зөвшөөрөл авах ёстой юм байна. Харин В.Нямханд энэ хуулийг зөрчсөн учраас түүнийг буруутгах нэгэн үндэслэл болсон бололтой.
Тэрбээр хятадуудтай нэлээд ойр дотно байсныг нь тагнуулынхан зургаан сар мөрдөж, баримтжуулж авсан гэх мэдээлэл ч бий. Тодруулбал В.Нямханд Монголд уул уурхайн чиглэлээр ажилладаг, хятад эзэнтэй компанийн хэд хэдэн хүнтэй хоёр жил гаруй хугацаанд харилцаа холбоотой ажилласныг тагнуулынхан илрүүлсэн гэх.
Бүр тодруулбал, ашигт малтмалын орд газартай холбоотой нууцад хамаарах мэдээллийг урд хөршийнхөө найзуудад дамжуулж, 100 сая ам.долларын гэрээ хийхийг оролдсон нь нотлогдсон гэх мэдээлэл ч чих дэлсээд байна. Төрийн нууц задруулсан хэргээр шалгагдаж байгаа В.Нямханд 1997-2009 он хүртэл Тагнуулын Ерөнхий газрын Сөрөг тагнуулын албанд ажилласан. Түүнийг эх орноосоо урваж төрийн нууц задруулсан эсэхийг тун удахгүй шүүхээр хэлэлцэх биз ээ.
УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайхан
УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайханыг улсын нууц задруулсан хэргээр хоёр шатны шүүхээс 17 жилийн хорих ял оноосон бол хяналтын шат хэргийг хөнгөрүүлж таван жилийн хорих ял болгож өөрчилсөн. Одоо тэрбээр хорих ялээ эдлэж буй.
Ц.Жаргалсайхан нь УИХ-ын даргын ОХУ руу айлчлахтай холбоотой баримт материалыг цахим шуудангаар БНХАУ-ын нэр бүхий албан тушаалтанд илгээсэн гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан гэдэг. Эл хэрэгт Ц.Жаргалсайхантай хамт УИХ-ын гадаад харилцааны хэлтсийн ОХУ-ыг хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Болор, БНХАУ-ын талыг хариуцсан мэргэжилтэн Г.Байгалмаа нарыг холбогдуулан тагнуулаас шалгасан ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ