Долоо хоногийн тойм
Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлаас товчлон уншигчддаа хүргэе.
Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 9200 тонн, Дархан-Уул аймагт 1000 тонн, Эрдэнэт хотод 1016 тонныг бэлтгэжээ. Энэ сарын 15-ны дотор нөөцийн махын менежер компани 320 цэгээр нөөцийн махаа борлуулах үйл ажиллагааг жигдрүүлэх аж. Борлуулалтыг өнгөрсөн жилүүдэд мөрдөгдөж байсан стандартын дагуу 2-3 кг-аар жижиглэж савласан байдлаар, 1кг үхрийн махыг 5950 төгрөгөөр, ямааны махыг 4850 төгрөгөөр, хонины махыг 5750 төгрөгөөр тус тус борлуулж байна.
Ирэх долдугаар сарын15-ны өдөр хүртэл жигд нийлүүлэлт хийж нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах үүрэгтэй ажиллах гэнэ. Өнөө жил нөөцийн махыг хангалттай нөөцөлсөн учраас өмнөх жилүүдэд гарсан хүндрэл гарахгүй юм байна. ҮХАА яамны сайт дээр ямар ямар дэлгүүрээр хэдэн тонн мах борлуулсан хэдэн тонн мах нийлүүлсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг байршуулж байгаа гэнэ.
Зорилтод зах зээл иргэдийг махаар хангахаар чиглэж байгаа учраас амралтын өдрүүдэд Нарантуул-2, Хүчит шонхор, Хархорин захуудаар гулууз, өрөөл махыг худалдана. Гулууз махны хувьд ямаа мах 4400, үхэр 5800 , хонины мах 5500 төгрөгөөр тус тус худалдаалах юм байна.
МХЕГ-ын зүгээс хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан гаргаж буй нөөцийн махыг хадгалсан 10 зооринд 9 байцаагч хяналт тавьж ажиллаж байгаа аж. Орон нутгаас ирж буй нөөцийн маханд гарал үүслийн гэрчилгээ болон махны чанарыг ч шалгаж байгаа гэнэ.
Ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлнэ
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
“Эрдэнэс МГЛ” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулах, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хийх, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн мэдлийн хувьцааг борлуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан аж.
Одоогоор тус компани “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК гэсэн охин компаниудтайгаар үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна Шивээ-Овоогийн нүүрсний ордын 4293 га талбайг хамарсан ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.
Засгийн газрын хуралдаанаар тус компанид стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын талын хувь, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг түшэглүүлэн хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг “Эрдэнэс МГЛ” ХХК-д хариуцуулан хэрэгжүүлэх юм.
Хотын захиргааг нүүлгэнэ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хотын захиргааны цогцолборыг хотын шинэ төвд нүүлгэн шилжүүлэх байршлын тухай хэлэлцжээ.
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хотын захиргааны цогцолборыг хотын шинэ дэд төвүүдэд нүүлгэн шилжүүлэхээр тусгасан байдаг. Тиймээс Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр найман дэд төв барихаар төлөвлөж хотын захиргааг нүүлгэх байршлыг судлах ажлын хэсгийг 2012 оны наймдугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулжээ. Уг ажлын хэсэг СХД-ийн 6-р хороонд 9 га газрыг сонгон хотын захиргааны шинэ цогцолборыг барих боломжтой гэж үзсэн байна. Энэхүү хэсэг бол НИТХ-аас баталсан гэр хорооллын дахин төлөвлөх эхний хэсгийн байршилд орсон газар бөгөөд, инженерийн дэд бүтцэд холбогдох бүрэн боломжтой юм байна. Хотын шинэ дэд төвд байрлах хотын захиргааны цогцолборыг барихад нийтдээ 37,1 тэрбум төгрөг шаардлагатай гэж ажлын хэсэг тооцсон байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгатай хамт хотын захиргааны цогцолбор барих аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж ажлаа эхэлж чадвал 2 жилийн хугацаанд бүрэн ашиглалтад оруулах боломжтой гэж урдчилсан байдлаар төлөвлөсөн байна. Удирдлагын зөвлөлийн гишүүд СХД-ийн 6-р хороонд байрлах 9 га газарт хотын захиргааны цогцолборыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг дэмжлээ.
Төрийн нууц задруулаагүй гэж үзлээ
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан Б.Нямхандыг Эрүүгийн хуулийн 79.1-д зааснаар төрийн нууц задруулсан гэх үндэслэлээр буруутган Хан-Уул дүүргийн шүүхэд өнгөрөгч долоо хоногт шүүлээ.
Анхан шатны шүүхээс В.Нямхандыг төрийн нууц задруулаагүй гэж үзэн хэргийг цагаатгасан юм.
Тэрбээр 1997-2009 он хүртэл Тагнуулын Ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажилласан. Дараа нь буюу 2009 оны долдугаар сард нийслэлийн Тагнуулын газарт томилогдон ажиллаж байжээ.
Хэвлэл мэдээллээр Б.Нямхандыг БНХАУ-ын тусгай албанаас их хэмжээний мөнгө авч, улсын нууцын зэрэглэлд хамаарах баримт дамжуулсан гэсэн мэдээлэл гарч байсан юм. Шүүх хурал хаалттай явагдсан учраас хэвлэлийнхэн дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэсэнгүй.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ