Эдит Пиаф буюу эрхэмсэг оршихуй
Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, МУСТА Ц.Баясгалан Францын нэрт дуучин Эдит Пиафын /1916-1963/ амьдрал, түүний дуулсан дууны тухай өгүүлсэн моно музыкл драмыг энэ сарын 16-ны өдөр Централ Тауэрын 17 давхарт байрлах МОНЕТ ресторанд тоглосон юм. Монголд анх удаа тоглогдож буй ганц хүний мюзикл жүжгийг Нина Мазурийн зохиолоор тус театрын найруулагч, МУУГЗ Б.Баатар найруулан туслах найруулагч Баяржавхлан, зураач МУСТА Н.Батбилэг, хөгжим чимэглэл МУСТА Т.Ганхуяг, Франц хэлний зөвлөх Т.Дөлгөөн, менежерээр Б.Нямсүрэн нар ажилласан аж. Энэхүү жүжигт ээждээ хаягдаж, эцгийн хатуу гараар хүмүүжсэн Эдит гудамжны ядуу зүдүү, тарчиг амьдралаас хэрхэн тэмцэж, алдартай дуучин болсон тухай түүхийг өгүүлдэг. Мөн түүний алдарт L Hy mne al amour, La Vie en rose, Non, je ne regrette rien, Padam... Padam..., Marseillaise зэрэг дуунууд дуулагдаж, Mon Lugionnaire, L accordioniste, Sous le ciel de Paris дуунууд хэрхэн төрөн гарсан тухай хүүрнэж байв.
Эдит Пиафын дуунууд нь түүний дурлалт залуус, бүтэлгүй хайрын түүхүүдээс сэдэвлэн төрөн гарч байсан ажээ. Тэрээр 47хон наслахдаа хүнд бэрх амьдралыг даван туулсан ч хайр дурлалгүйгээр түүний амьдралыг төсөөлөхийн аргагүй юм. Түүний дуунууд нь өөрийнх нь хайр дурлалын нэг хэсэг бөгөөд амьдралын гол үндэс нь болж байсан гэдэг. Жүжигчин Ц.Баясгалан энэ үдэш жүжиглэх, дуулахыг хослуулан Эдит Пиаф хэмээх гайхалтай нэгэн эмэгтэйн дүрд чадварлаг хувирч, үзэгчдийн таашаалыг хүртэж чадсан билээ.






СЭТГЭГДЭЛ БИЧИХ