“Д.Идэвхтэн авлигалын хэрэгт холбогдолгүй юм билээ”
УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар Монгол Улсаас ОХУ, ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамдын санхүү, төсвийн гүйцэтгэлийг шалгаад ирсэн билээ. Шалгалтын үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Ц.Цолмонгоос цөөн асуултад хариулт авлаа.
-ОХУ болон Герман улсад суугаа Элчин сайдын яамны санхүүд шалгалт хийсэн үр дүнгийнхээ талаар товч танилцуулбал?
-Берлин дэх Элчин сайдын яам, Москва дахь Элчин сайдын яамны төсөв, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, зарцуулалтад хяналт тавих үүргээр ажиллалаа.
УИХ-аас шалгах үүрэг өгсний дагуу ажилласан юм. Герман улс дахь Элчин сайдын тухайд хотын төвд шинэ байр авсан юм байна. Тодорхой хуваарийн дагуу төлбөрөө төлж байгаа юм билээ. Ингэхдээ одоо ашиглаж байгаа байр нь ч Монголын эзэмшилд хэвээр үлдэнэ. Харин ОХУ-ын Элчин сайдын яамны тухайд гурван байр болоод нэг зуслангийн байртай.
Манай байруудын нэг болох хоёрдугаар байр нь А, В гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Үүнийх нь А хэсгийг ОХУ-ын нэгэн компани түрээслэдэг. Ингэхдээ түрээсийнхээ барилгад засвар үйлчилгээ хийхийн тулд В хэсгийг нь бас засах шаардлага гардаг шиг байна.
Өөрөөр хэлбэл, ижил загвартай учраас адилхан засч, сайжруулах ёстой болж байгаа юм. Гэхдээ засвар, ашиглалтын тухай гэрээ байгуулахдаа бол учир дутагдалтай зүйлүүд байсныг нь бид Элчин сайдын яамныханд засч залруулах даалгаврыг өгсөн. Тэд түрээслэгч компани нь ямар хэмжээний ажил хийсэн, түүнийх нь үнэ өртөг хэр гарсан зэргийг нь нарийн тооцох учиртай. Яг нарийн шалгалтыг нь Гадаад харилцааны яамнаас томилогдсон Ажлын хэсэг шалгасан.
-Зарагдсан гэсэн мэдээлэл гарч байсан?
-Зарим өдөр тутмын сонинд мэдээлсэн шиг ЭСЯ-ны байр зарагдсан юм алга. Тийм боломж ч байхгүй. Төрийн өмчийн хорооны шийдэх асуудал болохоос биш Элчин сайд дур мэдээд худалдах боломжгүй.
-Элчин сайд Д.Идэвхтэнг ямар үндэслэлээр АТГ-аас дуудсан юм бол?
-АТГ-аас Элчин сайд Д.Идэвхтэнг дуудаж Элчин сайдын яамны байрны асуудлаар тодруулсан юм билээ. Авлигалын хэрэгт холбогдолгүй гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн байна лээ. Биднийг шалгалтаар очих үеэр Д.Идэвхтэн буцаж ирээд ажилдаа орсон.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ