Сонсголгүй иргэдийн мэдээллийн төв нээлтээ хийнэ

img

Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо, Финланд улсын ФЛОМ байгууллагын төлөөлөгчийн газар хамтран “Монголын сонсголгүй иргэдийг идэвхижүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү төслийн хүрээнд “Сонсголгүй иргэдийн мэдээллийн төв”-ийг байгуулан ажиллаж байгаа аж. Тус төв нь Сүхбаатар дүүрэг, 100 айлын уулзвар, “Amper House”-т байрладаг бөгөөд маргааш 14.00 цагт нээлтээ хийх юм байна. Манай улсад 12 мянга гаруй сонсголын бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн албан бус мэдээлэл байгаа ба нийт хүн амын 3% нь сонсголын бэрхшээлтэй гэж судлаачид үзжээ. Түүнчлэн манай оронд сонсголгүй иргэдэд зориулсан хэлмэрчтэй нэврүүлэг, мэдээ мэдээлэл хомс байдгаас тэдгээр иргэд өөрт хэрэгтэй мэдээллээ авч чаддаггүй байна. Мэдээлэл авч чаддаггүй, бусадтай харилцахад хэлмэрч дутагддаг тул сурч,  мэргэжил эзэмших, ажил хийхэд бэрхшээлтэй байдаг юм. Сонсголын бэрхшээлтэй залуучууд биеийн бус оюуны хөдөлмөр эрхлэхийн тулд сурч боловсорч, мэргэжил эзэмших хүсэлтэй байдаг бөгөөд үүнийг биелүүлэхэд хэлмэрч орчуулагч маш чухал юм. Сурахаас гадна иргэдэд хууль, цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллага зэрэг зайлшгүй шаардлагатай байгууллагууд тусгайлсан хэлмэрчгүй байдагаас иргэд хуулийн болоод эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй авч чаддаггүй юм байна. Тиймээс “ Монгол сонсголгүй иргэдийг идэвхижүүлэх төсөл”-ийн хүрээнд “Сонсголгүй иргэдийн мэдээллийн төв”-ийг байгуулан зорилтот бүлэгт холбогдох бүхий л хууль тогтоомжийг дохионы хэлээр хэлмэрчлэн DVD, VD хэлбэрээр тараах аж.  Мөн сонсголын бэрхшээлтэй иргэдэд тохиолддог харилцааны хүндрэлийг багасгах зорилготойгоор хэлмэрчийн үйлчилгээг дүрс, яираны үйлчилгээгээг дамжуулан хүргэх, сонсголгүй иргэдийнТББ-ын удирдах ажилтнуудад зориулсан сургалтууд зохион байгуулагдах  ба цаашид 50 гаруй дохионы хэлмэрчдийг бэлтгэхээр ажиллаж байгаа юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ