Киприйн хүн ам бусдын гаргасан алдааны төлөө хохирохыг хүсэхгүй байна
Киприйн эрх баригчид муу, маш муу гэсэн хоёр хувилбарын нэгийг сонгож байна. Мягмар гарагт парламент хадгаламжид татвар ногдуулах эсэх талаар санал өгөх гэж байна. Хууль гаргавал нийгмийн тэсрэлт үүсгэж, улс орныг хуваагдмал байдалд оруулах аюул нүүрлэж байна. Эс гаргавал Кипр евро-гийн бүсээс гарч, Европ тивд хямрал дахин хурцдана.
Хадгаламжид татвар ногдуулах нь улс орныг аврах арга хэмжээ юү, эсвэл хуульчилсан дээрэм үү? Банкны хадгаламжид татвар ногдуулах тухай Европын бүлгийн болзлыг киприйн эрх баригчид зөвшөөрснийг эсэргүүцсэн өргөн олны жагсаал даваа гарагт Киприйн парламентын байшингийн дэргэд болов. Энэ нь банкныхан болон улс төрчдийн алдааны хариуд иргэдийнхээ мөнгөөр төлбөр хийх гэсэн эрх баригчдын оролдлогыг эсэргүүцсэн эхний томхон жагсаал юм. Жагсаал бараг хүнгүй шахуу парламентын байшингийн дэргэд болсон бөгөөд учир нь даваа гаригт явуулахаар товлосон хадгаламжид ногдуулах татвар болон зээлдүүлэгчидтэй зөвшин тохирсон хямралын эсрэг прорамммын тухай депутатын санал хураалтыг мягмар гарагийн орой явуулахаар хойшлуулжээ. Энэ нь банкинд шалихгүй мөнгөтэй тэр хадгаламж эзэмшигчдийн хувьд татварыг багасгах чиглэлээр татварын хэмжээнд засвар оруулах талаар Европын бүлэгтэй тохиролцохоор оролдох боломжийг ерөнгхийлөгч Никос Анастасиадист олгох учиртай ажээ.
Гэвч тавьж буй шаардлагаас үзвэл, энэ нь кипрчүүдэд хангалттай биш юм. Тэд “хямралын эсрэг хураамж” гэгчийг бүрэн цуцлахыг шаардаж байна.
Өнгөрсөн бямба гаригт Брюссель хотод хүрсэн тохиролцооны дагуу, киприйн эрх баригчид банкны бүх хадгаламжид татвар ногдуулах ёстой ажээ. Хадгаламж эзэмшигчид 100 мянга хүртэл еврогоос 6,75 хувь, үүнээс дээш хадгаламжаас 9,9 хувийн татвар төлөх болж байна. Гэвч ийм арга хэмжээг кипрчүүдийн олонхи нь илэрхий дээрэм, хадгаламжийг хөндөхийг хэзээ ч зөвшөөрөхгүй хэмээн сүүлийн үед хүн амд мэдэгдэж байсан засгийн газрын мэхлэлт хэмээн үзэж байна.
Хууль тогтоогчид болон хүн амын эсэргүүцэл нь хадгаламжийн татварын талаар олон улсын зээлдүүлэгчидтэй хүрсэн тохиролцооны болзлыг өөрчлөх тухай Европын бүлэгтэй хэлэлцээ хийж эхлэхэд ерөнхийлөгч Анастасиатисыг хүргэжээ. 100 мянга хүртэл еврогийн хадгаламжаас авах татварыг 6,75 хувиас 3 хувь болгон бууруулах, харин 100 мянгаас дээш еврогийн хадгаламжийн татварыг 12,5 хувь болгож нэмэгдүүлэх талаар хэлэлцэж буйг мэдээлж байна. 20 мянга хүртэл еврогийн хадгаламжийг татвараас чөлөөлж болох тухай асуудлыг ч бас хэлэлцэж байгаа ажээ.
Ингэснээр санхүүгийн хураамжийн гол дарамтыг хувь хүмүүс, голдуу Киприйн иргэдээс компаниуд, түүнчилэн Киприйн банкуудад мөнгөө хадгалж буй гадаадын томхон хадгаламж эзэмшигчдэд шилжүүлэхээр төлөвлөж байна. Энэ алхам нь тус орны засгийн газрын хувьд илүү ашигтай бөгөөд учир нь нийгмийн тэсрэлт гарч, улс төрийн хямрал үүсэхээс зайлсхийх найдлага төрүүлж байгаа юм.
Киприйн банкууд өнгөрсөн бямба гарагаас үйлчлүүлэгчдэд үйлчлэхгүй байгаа ажээ. Киприйн төв банкны албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, банкууд наад зах нь пүрэв гараг хүртэл ажиллахгүй ажээ. Хадгаламжид татвар ногдуулахаар Европын бүлэг шийдвэрлэсний дараа өнгөрсөн бямба гарагт банкны бүх электрон гүйлгээг хаах захирамжийг төв банк өгсөн байна. Хадгаламж эзэмшигчдийг хадгаламжаа авахгүй байх юмуу татварын суурийг багасгахгүй байхын тулд ийм арга хэмжээ авчээ.
Тийнхүү мягмар гарагийн орой болох санал хураалт нь Киприйн түүхийн эргэлтийн үе болно. Хэрвээ хууль тогтоогчид хадгаламжийн татварын талаар зээлдүүлэгчидтэй хүрсэн тохиролцооны шинэчилсэн хувилбарыг ч зөвшөөрвөл, араас нь нийгмийн тэсрэлт болж, улс орон хуваагдаж, эдийн засаг болон нефть-хийний нөөцөд европын хяналт тогтоно. Харин депутатууд ерөнхийлөгчийг дэмжихээс татгалзвал, энэ хяналтгүй дампуурал нүүрлэж, олон хүн хадгаламжаа алдаж, эндхийн болон гадаадын компаниуд үгүйрч, Кипр еврогийн бүсээс гарч, улмаар Европт хямрал дахин хурцдах болно.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ