Ц.Баясгалан: Сэтгэл минь хэзээ ч ханахгүй байх аа
УДЭТ-ын жүжигчин Цэрэндоржийн Баясгалан. Тэрбээр тус театрын тайзнаа тавигдсан “Нууц амраг чинь болъё” жүжгийн Шүр, “Хайрын виз” жүжгийн Ану, “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн Сарнай, “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Ли, Розина гээд олон арван жүжгийн гол ба туслах дүрд чадварлаг тоглож үзэгчдийн хэзээний танил болсон уран бүтээлч. Мөн жүжигчин Ц.Баясгалан Монголд анх удаа Францын нэрт дуучин Эдип Пиафын амьдрал, түүний дуулсан дууны тухай өгүүлсэн моно музыкл драмыг өнгөрсөн бямба гаригт Централ Таурын 17 дугаар давхарт байрлах “Монет” ресторанд тоглосон.
Ингээд тун завгүй хөдөлмөрлөж байгаа түүний яриаг уншигчиддаа хүргэе.
-Францын нэрт дуучин Эдип Пиафын уран бүтээлийг Монголд анх удаа амилуулсан. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Сайхан байна. Тоглох өдрийг тэсэн ядан хүлээж байлаа. Миний “Би Эдип Пиаф байна” хэмээх нэртэй моно музыкл маань тоглогдсон “Монет” ресторанд орой бүр Эдип Пиафын дуунууд эгшиглэж байсан гэсэн. Францын алдарт эл жүжигчний тухай өгүүлсэн хоёр ч киног холливудад хийсэн. “La Vie en rose” хэмээх кинонд Францын алдарт жүжигчин тоглоод Оскарын шагнал хүртсэн байдаг.
-Эдип Пиафын талаар танилцуулахгүй юу. Өөрөө түүний уран бүтээлийн ямар хэсгээс толилуулсан бэ?
-“Би Эдип Пиаф байна” моно музыкл драмыг Нина Мазурийн зохиолоор манай театрын найруулагч, УГЗ Б.Баатар найруулан, туслах найруулагч Б.Баяржавхлан, зураач СТА Н.Батбилэг, хөгжим чимэглэл СТА Т.Ганхуяг, Франц хэлний зөвлөх Г.Дөлгөөн, менежерээр Б.Нямсүрэн нар ажиллаж байна. Энэхүү жүжиг нь эхдээ хаягдаж хатуу гараар өссөн Эдип гудамжны амьдралаас хэрхэн дуучин болж гарч ирж байгаагаар эхэлнэ. Түүний дуулсан “L Hy mne al amour”, ”La Vie en rose”, ”No je ne regrette”, “Radam Radam”, “Marseillaise” зэрэг дуу дуулагдахаас гадна “Mon Lugionnaire”, “L accordioniste”, “Sous le ceil de Paris” дуунууд хэрхэн төрөн гарсан тухай өгүүлнэ. Эдип Пиафын дуунууд нь түүний дурлалт залуус, бүтэлгүй хайрын түүхүүдээс сэдэвлэн төрөн гарч байсан юм билээ. Тэрбээр /1916-1963/ 47-хон наслахдаа хүнд бэрх амьдралыг даван туулсан бөгөөд хайр дурлалгүйгээр тэрний амьдралыг төсөөлөхийн аргагүй юм. Түүний дуунууд өөрийнх нь хайр дурлалын нэг хэсэг бөгөөд амьдралын гол үндэс нь болж байжээ.
-Ингэхэд өөрийг чинь дуулах сонирхолтой байсан гэж үзэж болох уу?
-Бололгүй яахав. Энэ мөрөөдлөө биелүүлэх гэж эл жүжгийг амилуулах том боломж нээгдсэн. Нэг сайхан музыкл драмд тоглохсон гэж мөрөөддөг байлаа. Мөн энэ дашрамд миний уран бүтээлийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “HaHuggs Mohgolia”-гийн хамт олонд баярлаж буйгаа илэрхийлье. Тус компани дэлхийд танигдсан хонины нэхийгээр хийсэн бүтээгдэхүүнийг Монголдоо худалдаалж хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн. Урлагийг ойлгож хөрөнгө оруулж байгаа та бүхний минь ажил үйлс бүтэмжтэй байх болтугай. Улаан хивсний ёслолоор тус компанийн бүтээгдэхүүнийг мөн өмссөн.
-Өмнө нь ямар нэгэн дуу дуулж байсан уу?
-Би “Ану хатан” жүжгийнхээ дууг өөрөө дуулсан шүү дээ.
-Тийм үү. Харин энэ удаагийн жүжгийнхээ дууг франц хэлээр дуулсан уу?
-Тиймээ.
-Яагаад ганц хүний моно музыкл драмыг сонгосон юм бол?
-Олон улсын хэмжээнд моно музыкл драм хүчээ авсан юм билээ. Олон хүн тоглодог жүжигт зардал их гардаг. Гадагшаа энэ тэр тоглолтоор явах гэхээр өртөг их шаарддаг гэсэн үг. Харин ганц хүний моно музыкл бол тэгэхгүй. Бага зардлаар гадаадад болж байгаа наадмуудад оролцох боломжтой байдаг гэсэн. Иймээс надад бас гадаадын наадмуудад эл жүжгээрээ оролцох боломж нээгдэж байгаа гэж ойлгож болно.
-Энэ дүрээрээ “Гэгээн муза” наадамд нэр дэвшиж байгаа гэсэн үү?
-Тийм ээ. “Гэгээн муза” наадамд нэр дэвшиж байгаа. Энэ жил эл наадам маань олон улсын чанартай болсон. Гадаадын олон уран бүтээлчидтэй өрсөлдөнө. Өмнө нь миний бие “Гэгээн муза” наадмаас шилдэг дүрийн цомыг хоёр удаа гардсан.
-Эдип Пиафын дүр өөрт чинь “Гэгээн муза” авчрах байх аа. Амжилт хүсье.
-Баярлалаа.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Ингэхэд жүжигчин Баясгалангийн аав, ээж ямар мэргэжилтэй хүмүүс вэ?
-Би сэхээтэн гаралтай. Аав, ээж хоёр мааь хоёулаа багш хүн. Орос хэл, шугам зургийн багш хийдэг байлаа.
-Өөрийн чинь хувьд хамгийн үнэтэй зүйл тань юу вэ?
-Хүү Номунбилэг маань миний бүтээл, миний хамгийн үнэтэй зүйл. Дээр нь миний мэргэжил үүнд хамаарагдана. Яагаад гэвэл 1994 онд СУИС төгссөн цагаасаа хойш энэ мэргэжлээрээ овоглож, дуудуулж явна. Миний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол энэ ажил учраас үүнийг би гутааж болохгүй, харин цаг ямагт бахархаж явах хэрэгтэй.
-Дутагдалтай бөгөөд бусдаас ялгардаг давуу чанар гэвэл юуг хэлэх вэ?
Дутагдал гэвэл би аливаа юмыг жаахан хойш тавих гээд байдаг. Гэхдээ сүүлийн үед үүнийгээ бүрэн ухамсарлаж цагийн юмыг цагт нь хийхийг зорьдог болсон. Алдаагаа зассан гэсэн үг. /инээв/ Бусдаас ялгарах давуу тал гэвэл их олон бий дээ. Би их үнэнч зантай. Тэр дундаа худлаа ярьж үзээгүй. Жишээ дурдвал, утас руугаа залгасан хүн болгоны дуудлагыг хүлээн авч за бол за, үгүй бол үгүй гэж хэлдэг. Хэрвээ би утсаа авахгүй байвал тайзан дээр эсвэл дүрийнхээ үгийг цээжилж байгаа нь тэр. Мөн бусдыг хайрлах, хүндэлж чаддагаас гадна найз нөхөддөө дээд зэргээр үнэнч ханддаг. Энэ нь миний бусдаас ялгарах давуу тал болов уу.
-Танилцъя гэж олон хүн утасддаг уу?
Үгүй ээ. Дандаа ажил хэргээр хүмүүс ярьдаг даа.
-Хүүдээ тэгвэл ээж хүний хувьд юу гэж сургадаг вэ?
Аав ээж хоёр маань надад хүнлэг, хүн чанартай байхыг биеэрээ үлгэрлэсэн гэж боддог. Миний багш Ардын жүжигчин Гантөмөр, “Уран бүтээлч хүн хамгийн түрүүнд хүн байх хэрэгтэй” гэж сургадаг байсан. Тиймээс би хүүдээ хүнлэг бай, хүнийг хайрлаж, хүндэлж байж өөрийгөө хүндлүүлж, хайрлуулна гэдэг үгийг их хэлдэг л дээ. Ер нь хүн сайн юм бодож, төсөөлж байвал тэр нь биелдэг гэдэгт би итгэдэг.
-Жүжигчин Баясгалан өөрийгөө таньж чадсан уу. Уран бүтээлч хүн өөрийгөө таних нь хамгийн чухал гэж ярьдаг болохоор ийн асууж байна?
Танилгүй яахав.
-Тэгвэл өөрийнхөө зан араншинг тодорхойлооч?
Би их дуулгавартай хэрнээ хааяа их хүлцэнгүй юм шиг байгаа юм. Гэхдээ энэ нь тийм ч муу зан гэж бодохгүй байна.
-Яагаад хүлцэнгүй гэж?
Нууцгүй хэлэхэд ганц бие болохоор зарим хүн хамгаалах хүн байх биш гээд дээрэлхэх янзтай ханддаг л даа. Ингэлээ гээд би дуугай суугаад байдаггүй. Хэлье гэсэн зүйлээ хэнд ч хэлж чаддаг. Гэлээ гэхдээ аливаа зүйлийг бас эвээр зохицуулж явах нь миний бас нэгэн зан байгаа юм.
-Хэн нэгэнтэй хамтын амьдрал зохиох сон гэж боддог уу?
Бодох зав гарахгүй л явна шүү дээ. Цаг хугацаа бүгдийг шийднэ байлгүй.
-Эргүүлдэг хүн байдаг уу?
Одоогоор байхгүй. Хэрэв эргүүлбэл би эргэнэ шүү дээ. /инээв/
-Эсвэл хань болох хүндээ нэлээд өндөр шалгуур тавиад өнөөг хүртэл ганц биеэр яваад байна уу?
Би маш өндөр шалгуур тавихгүй бол болохгүй. Жүжигчин хүний ажил, мэргэжил амаргүй. Ийм болоод л би ганцаар яваад байгаа байлгүй.
-Амжилтын оргилынхоо аль хэсэгт явж байна вэ?
-Оргил руугаа л мацаж явна. Миний сэтгэл ер ханахгүй байх аа. Ямар ч хүн зорьсон зүйлийнхээ оргил дээрээ гарвал мөхөхийн дохио. Тиймээс надад хүсэж, зорьсон, хийх бүтээх юм зөндөө байна.
-Уулга алдахдаа юу гэж хэлдэг вэ?
Ээ бурхан минь л гэж их хэлдэг дээ.
-Найз нөхөд олонтой юу?
-Олонтой.
-Муу найз гэж байдаг болов уу?
-Муу хүн гэж байдаггүй болов уу. Харин муу зүйл бодож сэтгэлээ чилээрхүүлж, бохирдуулж байдаг хүн бий байх. Гэхдээ үүнийг засч сэтгэлээ гэгээрүүлж болно шүү дээ. Дээр хэлсэнчлэн сэтгэл сайтай хүний амьдрал өөдрөг байдаг.
-Магтаал, шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?
-Шүүмжлэлийг их сайн хүлээж авдаг. Би юун дээр болохгүй байна гэж ирээд л алдаан дээрээ дүгнэлж хийж засахыг хичээдэг. Харин ил магтаалаас нэлээд ичдэг шүү. Яагаад гэвэл олон жил ажиллаж байгаа учраас өөрийгөө сайн мэддэг гэсэн үг. Ер нь ингээд хараад байхад зарим хүн хүнийг худлаа магтаад байгаа нь ичмээр санагддаг л даа. Тухайн хүнийг ямар хүн бэ гэдгийг бусад нь сайн мэддэг л дээ. Тиймээс худлаа магтаал битгий хөврөөсэй гэж бас боддог.
-Бүтээсэн дүрүүдийнхээ алинд нь хайртай вэ?
-Бүгдээрэнд нь хайртай. Тэр дундаа “Саран хөхөө” жүжгийн лам хүүгийн дүрдээ илүү хайртай. Яагаад ч юм тэр дүр надад их сайхан мэдрэмд төрүүлдэг юм.
-Гоо сайхны мэс заслын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ер нь гоо сайхны мэс заслын муу гэж юу байхав. Хүнийг сайхан болгож байгаа зүйлийг муучлаад байж болохгүй.
-Тэгвэл өөрийнхөө ямар зүйлийг өөрчлөх сөн гэж боддог вэ?
-Өөрийгөө учиргүй өөр болгох сон гэж би л лав шамдахгүй байна. Тэгээд ч энэ маань бурханы сургаалыг их уншдагтай маань холбоотой байж магадгүй.
-Миний бодлоор та их хүмүүжилтэй хүн юм шиг санагддаг. Сонин хэвлэлээр янз бүрээр бичигдээд байсныг тань санахгүй юм байна.
-Өөрийгөө магтаж байгаа ч юм биш. Би ёс суртахууны хувьд их өндөр хүмүүжилтэй. Энэ маань мөн л хоёр сурган хүмүүжүүлэгчийн хүүхэд болж төрснийх биз. Манай аав ээж хоёр ахмад хүний өдөөс үг хэлж болохгүй, хүнийг хүндэл гэх зэргээр сургадаг байлаа. Ер нь миний аав ээж хоёр их сайхан хүмүүс байгаа юм. Иймээс намайг өдий зэрэгтэй явахад тусалж, дэмждэг та бүхэн болон хүүгээрээ бахархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
Ярилцсан Б.Даариймаа
Эх сурвалж: ТВ-7 хоног
СЭТГЭГДЭЛ БИЧИХ