Орон нутгийн төсвийн ил тод байдлын асуудлаар хэлэлцэнэ

img

Дэлхийн банк, Нээлттэй нийгэм форумаас “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээ хамтран “Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт” хэлэлцүүлэг өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд 14.30-16.50 цагийн хооронд зохиогдоно. Иргэдийн дунд оршин суугаа газрынхаа төсвийг мэддэггүй, юунд хэрхэн зарцуулж байгаа вэ гэдэг нь бүрхэг байдаг. Иймд төсвийн тухай мэдээллийг хаанаас олж авч болох вэ? Төрийн байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбар, сонин хэвлэл хангалттай мэдээлэл өгч чадаж байна уу? Худалдан авалт, тендерийн урилгын үр дүнгийн тухай мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нээлттэй Нийгэм Форумын судлаач Б.Мөнхсоёл, “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн М.Болормаа, Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Наранчимэг, Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, Нийслэлийн ИТХ-ын иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Гантулга нарын холбогдох албаныхан оролцоно. Энэ үеэр орон нутгийн төсвийн ил тод нээлттэй байдлын загвар стандартын танилцуулга, төсвийн мэдээллийн цахим сайт ба цаашид тогтвортой ажиллах боломжууд, орон нутгийн номын санд төсвийн мэдээллийн булан байгуулах асуудал, төсвийн хууль тогтоомж ба мэдээллийн ил тод байдал зэрэг асуудлаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэх юм. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ