Бразилд аадрын улмаас хөрсний гулгалт үүсчээ

img

Бразилд их хэмжээний аадар орсны улмаас Рио Де Жанеро хот орчмын уулын бүсэд хөрсний гулгалт үүссэн байна. Энэ үеэр хөрсний нурангид дарагдан 16 хүн амиа  алджээ гэсэн мэдээллийг ВВС агентлаг уламжлан хүргэж байна. Байгалийн гамшигт ихээр өртсөн  Петрополис хот нь нийслэл Рио Де Жанеро хотоос 65 км-ийн зайд оршдог бөгөөд өндөр уулархаг газар нутагтай, томоохон голын сав дагуу газар байрладаг ажээ. Газарзүйн энэхүү тогтоц нь олон хүн амь насаа алдах шалтгаан болсон гэж хэлж болно. Петрополис хот нь хүн амын суурьшил ихтэй бөгөөд нэлээд хөгжил сайтай хотын тоонд ордог аж. Одоогийн байдлаар гамшигт өртсөн иргэдийг гамшгаас гаргах ажлыг үргэлжлүүлж байгаа хэмээн аврах албаныхан хэлж байна. Түүнчлэн Бразилийн ерөнхийлөгч Дилма Роусэф “Харамсалтайгаар олон хүн амь насаа алдлаа. Богино хугацаанд ихээхэн хохирол амслаа. Борооны улирал эхэлж байгаа энэ үед хүмүүсийг аюултай хэсгээс нүүлгэн шилжүүлэх нь зөв байх. Энэ тухай шаардлагатай арга хэмжээг яаравчлан  авах болно” гэв. Борооны улирал болж байгаа энэ үед иргэд сонор сэрэмжтэй байхын зэрэгцээ, газар тариалан эрхлэгчид үерийн уснаас сэргийлэх суваг шуудуунуудыг гаргаж эхлэх шаардлагтай орон нутгийн удирдлагууд хэлж байна. Аврах албаныхан ч байгалийн элдэв гамшиг болон үерийн дуудлагын үеэр авхаалжтай ажиллах дадлага хийж эхэлдэг гэнэ. Бразилд борооны улирлаар жирийн үетэй харьцуулахад гурав дахин илүү бороо ордог аж.Энэ үеэр үерийн  аюулд өртөж хүмүүс амь насаа алдах нь  нэмэгддэг. Жилд дунджаар 50 гаруй хүн үерийн аюулаас болж амиа алдаж, олон мянган  хүн гэр оронгүй болдог гэсэн  судалгааг тус улсаас гаргажээ. Петрополис хотод 2011 онд хөрсний гулгалтад дарагдаж 900 хүн амиа алдаж байсан гашуун түүх бий. Тиймээс орон нутгийн удирдлагууд энэ мэт үеэр усны аюулд өртөхөөс хамгийн их болгоомжлон анхааруулдаг юм байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ