ЦЕГ-ын даргад Ленины музейн асуудлаар албан бичиг илгээжээ
Өнөөдөр В.И.Лениний музейн сан хөмрөг, үзмэртэй холбоотой асуудлаар ССАЖЯамнаас ЦЕГ-ын дарга, Бригадын генерал Б.Билэгтэд “Үзмэр алга болсон эсэх асуудлыг шалгуулах тухай” албан бичиг илгээжээ. Энэхүү албан бичгийг бүрэн эхээр нь нийтэлж байна. ССАЖЯамнаас Монгол Ардын Намд В.И.Лениний музейд тухайн үед хадгалагдаж байсан музейн үзмэрүүдийг хүлээн авах асуудлаар удаа дараа хандсан боловч хүлээлгэн өгөхөөс ямар нэгэн шалтгаангүйгээр татгалзсаар байна. Тус музейд хадгалагдаж байсан 5000 орчим үзмэр болон бусад соёлын дурсгалт зүйлсийг МАН-аас төрийн ямар нэгэн байгууллагад хүлээлгэн өгөөгүй. Түүнчлэн тус музейд хадгалагдаж байсан үзмэрүүдийн ерөнхий бүртгэл хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Энэ нь дээрх 5000 орчим үзмэр, соёлын дурсгалт зүйлсэд хайхрамжгүй хандан үрэгдүүлсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна. Иймд музейн үзмэрийг алга болгосон эсэх, музейн ерөнхий бүртгэлийн дэвтэрийг санаатайгаар нуун дарагдуулсан буюу үрэгдүүлсэн эсэх асуудлыг тус тус шалгаж өгөхийг хүсч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн долдугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг сурталчлах, судалгаа, шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглана” гэж заасан байдаг тул ССАЖЯ хуучнаар В.И.Лениний музейд хадгалагдаж байсан музейн үзмэрүүдийг хадгалалт, хамгаалалтандаа авах шаардлагатай тул ийнхүү үзмэрүүдийг буцаан цуглуулах гэж байгаа юм. В.И.Лениний музейд хадгалагдаж байсан зарим үзмэрүүдээс дурдвал:
1. Марзан Шаравын Лениний зураг бүхий 90 ам метр зээгт наамал
2.Ленинград хотод бүтээсэн “Их замын үе шатууд” 60 тн жинтэй хүрэл цутгамал
3. Ардын зураач Цүлтэмийн “Түүхт уулзалт” тосон зураг
4.Ардын зураач Амгалангийн “Капитализмыг алгасгагч” уран зураг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ