Киприйн парламент банкны хадгаламжид татвар ногдуулахыг зөвшөөрсөнгүй
Киприйн парламентын гишүүд банкны хадгаламжид татвар ногдуулах төлөвлөгөөг мягмар гарагт дийлэнх олонхийн саналаар няцаав. Эрх баригч Ардчилсан цугларалт намын 19 депутат санал өгөхөөс түдгэлзэж, харин бусад таван намын 36 төлөөлөгч хямралын эсрэг программыг санхүүжүүлэхэд киприйн банкны хадгаламж эзэмшигчдийг албадан оролцуулахыг эсэргүүцсэн байна.
Энэ төслийг өнгөрсөн бямба гарагт Киприйн засгийн газар Европын бүлэгтэй зөвшин тохирсон юм. Гэвч еврогийн бүсийн Киприйн түншүүд банкин дахь иргэдийн мөнгөнд нэг удаагийн “хямралын эсрэг татвар” ногдуулснаар тэдний хадгаламжийн нэг хэсгийг хүчээр хураан авах гэсэн урьд байгаагүй арга хэмжээг авахад Киприйн засгийн газрыг хүргэсэн юм.
Энэ арга хэмжээг тус аралд хилэгнэн эсэргүүцсэн байна. Кипрчүүд хүмүүсийн хадгаламжийг хэзээ ч хөндөхгүй хэмээн сүүлчийн агшин хүртэл батлан илэрхийлж байсан эрх баригчдад өөрсдийгөө дээрэмдүүлж, мэхлэгдсэн хэмээн үзжээ.
Улс төрийн намууд ч хадгаламжид татвар ногдуулахыг эсэргүүцсэн юм. Санал хураалтын өмнө парламентад ширүүн мэтгэлцээн болох үеэр депутатууд Европын бүлгийн түншүүдийн үйлдлийг “бүдүүлэг дарамт”, “урвалт” хэмээн шууд мэдэгдэж байжээ. Олон хууль тогтоогч Европын комисс, Европын төв банк болон Олон улсын валютын сан гэсэн олон улсын гурван зээлдэгчийн тусламжийг авалгүйгээр хүнд хямралаас гарах арга замыг дахин эрж хайж эхлэх хэрэгтэй гэж үзсэн байна.
“Хадгаламжид татвар ногдуулах нь кипрчүүд төдийгүй, бусад бүх хуулийн этгээдийн хадгаламжийг хөндөх байжээ.
Гэвч энэ арга хэмжээ нь жирийн кипрчүүдэд илүүтэй хор хохирол учруулж, гадаадын их хадгаламж эзэмшигч, хөрөнгө оруулагч болон ажил хэрэгч хүмүүсийг тус орноос гарч явахад хүргэнэ гэдгийг уг санааг эсэргүүцэгчид шударгаар мэдэгдэж байна. Европын улстөрчид банкны хадгаламжид халдахдаа, урьд өмнө байгаагүй үйлдэл хийж, Европын зах зээлийн тогтвортой байдлыг бусинуулж байгаа хэрэг юм.
Кипрчүүд хадгаламжид татвар ногдуулахыг шийдвэртэй эсэргүүцснээр олон улсын зээлдүүлэгчдийн санал болгосон 10 тэрбум еврогийн өртөгтэй хямралын эсрэг программаас татгалзлаа. Үүний зэрэгцээ энэ нь банкуудыг дампууруулж, тус орныг еврогийн бүсээс гарах бодит байдал бий болгож байгаа юм. Бүр лхагва гарагт киприйн улстөрчид тус улсыг аврах арга замыг хайж эхлэх бөгөөд энэ нь амаргүй зорилт байх төлөвтэй байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ