Ч.Улаан: Хоёр тэрбум ам.доллараас хэтэрсэн эсэхийг нягтална

img

Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр болно. Монгол Улсын  Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн болон Хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийнхан хувь нийлүүлэгчдийн хооронд хуримтлагдсан асуудлуудыг шийдэх зорилгоор Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурлыг  гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Өмнөх хуралдаанаар Оюутолгой төслийн, тухайлбал барилга бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах, урьдын адил бүрэн дэмжиж ажиллахаар нэгдсэн саналд хүрсэн байна. “Рио Тинто”-гийн зүгээс Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хуралд төслийн 2013 оны төсвийг батлуулах саналыг тавьсан байгаа. Харин Хувь нийлүүлэгчдийн хурлаас 2013 оны гуравдугаар сар хүртэлх үйл ажиллагааны зардлыг батлах талаар Оюутолгойн ТУЗ-д чиглэл өгчээ. Ингэхдээ гуравдугаар сард багтаан анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн шалтгааныг тодруулах, дээрх чиглэлээр бусад хуримтлагдсан асуудлуудыг тодорхой болгох нөхцөлтэйгөөр дээрх шийдвэрүүд гарсан байна. Хөрөнгө оруулалтын  зардал нэмэгдсэн  нь үндэслэлтэй эсэхийг Сангийн сайд Ч.Улаанаас тодрууллаа.

-Хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн эсэхийг тодруулсан уу?

-Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж тохиролцох ажлуудыг хийж байна. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд ялангуяа хөрөнгө оруулалтад  үнэлэлт дүгнэлт өгөх. Түүнийг баталгаажуулах цаг энэ хүрээнд санхүүгийн  салбарт  урьдчилгаа төлбөрийн барагдуулалтын асуудлаас эхлээд цаашлаад татвар хураамж, хөрөнгө оруулалтын тайланг ул суурьтай  судалж байна. Зарцуулсан хөрөнгөд үнэлэлт өгөх чиглэлээр ажиллаж байгаа.

-Хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллараас хэтэрсэн гэж ярьж байна. Хөрөнгө оруулагчид үүнд яаж хандаж байгаа вэ?

-Мэдээж магадлах ёстой. Хийсэн ажлынх нь үр дүнгээр баталгаажуулах ёстой. Хувийн дүнгээр нь хоёр тэрбум ам.доллараар нэмэгдчихлээ гэж хүлээж авах боломжгүй. Чухам ямар ажлыг ямар үнэ өртөгтэйгээр хийж гүйцэтгэв гэдгийг албан ёсны баримт санхүүгийн материалаар нь тулгаж тохиролцож байж энэ ажлыг баталгаажуулна. Үүний дараа яаж шийдэх  асуудлыг хэлэлцэнэ. Тийм учраас өнгөрсөн  хугацаанд  хийгдсэн хөрөнгө оруулалтын тайланг нэг бүрчлэн баталгаажуулах ажлыг хийж байна.

У.Хаш

СЭТГЭГДЭЛ БИЧИХ