Хүчингийн хэрэг үйлдсэн хүнд цаазаар авах ял оноохоор шийдвэрлэв
Энэтхэгийн парламентын доод танхим болох Лок Сабха хүчингийн болон сексийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн хүнд ногдуулах шийтгэлийг чангатгах тухай хуулийн төслийг сайшаасан байна. Парламентын олонхи болон сөрөг хүчний дэмжлэгийг хүлээсэн засварыг бараг зургаан цаг хэлэлцсэнийг “Times of India” сонинд дурджээ.
“Нийгэм өнөөгийн байдалтай эвлэрэхгүй гэдгээ өндөр дуугаар, тов тодорхой мэдэгдэх цаг нэгэнт болжээ” гэж Энэтхэгийн дотоод хэргийн сайд Сушилкумар Шинде асуудлыг хэлэлцэх үеэр мэдэгдсэн байна.
Дээд танхимын дэмжлэгийг бас авах учиртай энэ хууль тогтоомжийн дагуу, хүчингийн хэрэг давтан үйлдсэн этгээд болон хохирогч нь нас барсан гэмт хэрэгтнүүдэд цаазаар авах ял оноох ажээ.
Депутатууд хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг хорих наад захын хугацааг хоёр дахин нэмэгдүүлсэн бөгөөд одоо тэднийг дор хаяад 20 жил юм уу бүх насаар нь хорино. Хэрвээ бүлэглэн үйлдсэн бол, энэ хугацааг сунгаж болох ажээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 23 настай бүсгүйг автобусанд балмадаар хүчиндсэн эмгэнэлт хэрэг гарсан. Эмч нар бүсгүйн амь насыг аврахын тулд боломжтой бүхнийг хийсэн ч, тэр арванхоёрдугаар сарын 29-нд Сингапурт нас барсан юм. Бүсгүйг хүчиндсэн хэргээр зургаан хүнийг баривчилжээ. Бүлгийн толгойлогч хэмээн үзэж байсан тэдний нэг нь гуравдугаар сарын 11-нд шоронд нас барсан байна. Түүнийг амиа хорлосон гэж цагдаагийнхан үзжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ