Газрын тухай багц хуулийг хэлэлцэж байна
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Хэлэлцүүлэг нээлттэй явагдаж байгаа юм. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан үг хэллээ. Тэрээр, энэхүү хэлэлцүүлэг газрын тухай багц хуулийн төслийг УИХ-ын зүгээс илүү бодитой, суурьтай хэлэлцэхэд дэмжлэг болно хэмээн үзэж буйгаа илэрхийлж байв.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Газрын тухай хуулийн үзэл баримтлалын талаар эхлээд ярьсан.
Түүний ярианаас уг хуульд зарчмын шинжтэй ямар асуудлууд тусгагдсан тухай оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл авсан бол УИХ-ын Тамгын газрын зөвлөх С.Энхцэцэг газрын талаарх хууль, тогтоомжийн системчлэлийн талаар санал бодлоо илэрхийлсэн. Түүнчлэн Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдын зөвлөх Ц.Адьяасүрэн газрын суурь ойлголт, шинэтгэлийн асуудлаар илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг татаж байв. Тэрээр илтгэлдээ одоогийн боловсруулсан газрын хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж үзсэн талаараа дурдсан. Газар өмчлөл, бэлчээрийн газар түүний эзэмшлийн талаар илтгэлдээ мөн оруулсан бөгөөд хот суурингийн газрыг эзэмшүүлэхэд юу анхаарвал зохилтойг ч онцолж байлаа. Газар өмчлөгчийн эрх, үүргийн тухай ч тэрээр орхигдуулсангүй. Эцэст нь, газар өмчлөлийн талаарх Монголын уламжлал, онцлогийн хувьд ямар бодолтой байгаагаа хэлж, зарим сонирхолтой баримтаас хэлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ