
Нью-Йоркийн “Сотбис” дуудлага худалдаагаар мянган жилийн өмнөх жижигхэн хятад ваарыг 2,2 сая доллараар худалдсан байна. Дуудлага худалдаа зохион байгуулагчдын хэлснээр, 12,7 см-ийн диаметртэй энэ ваарыг манай эриний X-XII зуунд Хятадыг захирч байсан Умард Сүн улсын үед хийжээ.
Хэнийх гэдгийг нь хэлэхгүй байгаа нэг айлын хүмүүс 2007 онд Нью-Йоркын хуучин эд өлгийн зүйлсийн захаас гурав хүрэхтэй үгүйтэй доллараар уг ваарыг худалдан авсан байна. Ваарны жинхэнэ үнэ өртгийн тухай ямар ч ойлголтгүй эзэд нь түүнийг гэртээ камин зуухныхаа тавиур дээр тавьжээ. Гэвч хэсэг хугацааны дараа тэд мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөнөөр энэ ховор ваарыг дуудлага худалдаанд тавихаар шийдсэн байна. “Сотбис”-ын төлөөлөгчид ваарыг 200-300 мянган доллараар үнэлжээ. Гэтэл Лондоны дилер Жузеппе Эскенази гэдэг хүн ваарыг 2,2 сая доллараар авсан байна.
Дуудлага худалдааны төлөөлөгчдийн хэлснээр, ийм хэлбэр, хэмжээтэй, бараг адилхан шахуу хээтэй бас нэг ваар байдаг бөгөөд Лондон хотын Британийн музейн цуглуулгад 60 гаруй жил болж байгаа гэнэ
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ