МАН-тай нэгдэх эсэхийг судлах ажлын хэсэг байгуулагдлаа

img

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнөөдөр 13.00 цагт шуурхай хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэн, тус бүр ажлын хэсэг гаргажээ. Мөн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хандан мэдэгдэл гаргасан байна. Эхний асуудал нь МАН-тай нэгдэх эсэхт тухай асуудал байсан аж. Тодруулбал, өнгөрсөн сар шинийн баярын үеэр МАН-ын ахмад гишүүн н.Загджаваар ахлуулсан гишүүд МАХН-ын ахмад гишүүд болон дэд дарга Д.Тэрбишдагватай уулзаж угшил нэгтэй хоёр намыг нэгтгэх санал тавьж байсан. Тэгвэл МАХН-ын Гүйцэтгэх товчоо МАН-тай хамтран ажиллах талаар судалгаа хийх ажлын хэсэг гаргалаа. Уг ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цог ахлан ажиллахаар болжээ. Удаах асуудал нь тус намын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудал байсан аж. МАХН –аас энэ сарын 18-нд нэр бүхий УИХ-ын таван гишүүнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, үүнийг намын дарга Н.Энхбаяр батлах ёстой байжээ. Гэтэл Шүүхийн шийдвэр биелүүлэх газар уг гэрээг санаатайгаар сатуулсан байна. Энэ нь хууль шүүхийн байгууллага МАХН-ын дотоод ажилд илт оролцож эхэлсэнийг харууллаа гэж тэд дүгнэсэн байна. Тиймээс  өнөөдрийн хурлаар Намын даргын ажлын алба хариуцсан нарийн бичгийн дарга Ш.Нанжидаар ахлуулсан ажлын хэсэг гаргалаа. Уг ажлын хэсэг Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, сайд Х.Тэмүүжин нарт хандан зохих асуудлыг тавихаар бэлдэж байгаа юм байна. Түүнчлэн МАХН-ын Гүйцэтгэх товчоо Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригд хандан мэдэгдэл гаргалаа. Ерөнхий шүүгч Ц.Зориг нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэргийг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх боломжгүй гэсэн шалтгаанаа дурьдаагүйгээс гадна өөрөө хариу өгөөгүй нь хууль зөрчиж байна хэмээн тэд үзсэн аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ