Домборын эгшиг тоглолт болов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Наурызын баярт зориулсан тоглолтыг Соёлын төв өргөөнд өнөөдөр үзэхдээ өөрийн орны нийт казах түмэнд баяр хүргэлээ. Ерөнхийлөгч хэлэдээ “Энэхүү сайхан баярын цэнгүүнийг үзэхээр хуран цугларсан казак иргэддээ болон нарны баяраа тэмдэглэхээр яарч байгаа нийт хүмүүстээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Наурызын баяр бол манай иргэд хүсэн хүлээдэг уламжлалт сайхан баяр. Яагаад гэвэл энэхүү баяраар ёс заншлаа дээдэлдэг, сайн сайхан ерөөлийн үгээ ярилцдаг, олон хүн хоорондоо золгон учирдаг. Мөн манай казак иргэд олон зуун жилээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Монгол Улсын өнцөг булан бүрт амьдарч байгаа олон ард иргэд энэ баярыг хүсэн хүлээдэг. Баян-Өлгий аймагт энэ баярыг их өргөн тэмдэглэдэг. Жил бүр бид энэхүү баярын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Манай Тамгын газар, Баян-Өлгий аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэй хамтарч энэ баярыг казак түмнийхээ уламжлал, ёс заншлыг ард иргэддээ танилцуулсан баяр болгохоор ноднин тогтсон. Үүний дагуу өнөө жил улсынхаа төв Сүхбаатарын талбайд Баян-Өлгий аймгаас авчирсан гэрүүдээ барьж, аймгийн музейн үнэт үзмэрээс болон идээ будааны дээжийг дэлгэн тавьсан байна. Сая бид Сүхбаатарын талбайгаар орж, энэ бүхэнтэй танилцан, иргэдтэйгээ уулзлаа. Хүмүүс их баяртай, сэтгэл хангалуун байна. Казак гэрт орж үзээгүй, үндэсний идээ будааг нь амсаж үзээгүй олон залуус Улаанбаатарт байгаа шүү дээ.
Казак иргэдэд тулгамдсан асуудлууд байгаа. Нутгийн зөвлөл, УИХ-д Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд болон бусад хүмүүстэйгээ бид ярилцаж, тэдгээр асуудалд аль болох анхаарлаа хандуулж байна. Бидний анхаарлыг татаж буй нэгэн гол асуудал нь манай зарим иргэний харьяатын болон бүртгэлтэй холбоотой байдаг. Хөдөө орон нутагт малаа маллаад сум, аймгийн төв ч орж үзээгүй иргэнийг Казахстан руу гараад явсан мэтээр гадаад паспортод нь бичиглэл хийлгэж, иргэншлийнх нь асуудлыг хасуулсан тохиолдлууд гарч байгаа. Энэ бол нэг талаас хууль бус үйл ажиллагаа байж болзошгүй. Иргэдийн маань гэнэн цайлган байдлыг ашиглан хийсэн үйлдлүүд ч гардаг. Эндээс явна гээд явж чадаагүй, ер нь явахаа болиод үлдсэн иргэдтэй холбоотой асуудал бий. Тэгэхээр энэ асуудлуудыг ойрын үед ихэд анхаарч байгаа. Би Засгийн газартай яриад чиглэл өгсний дагуу манай иргэн харьяатын асуудал хариуцсан хүмүүс Баян-Өлгий аймагт очиж ажилласан. Ойрын үед 1200-1500 иргэнтэй холбоотой шууд шийдвэрлэж болохоор асуудал бий гэж үзэж байгаа. Иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө. Баян-Өлгийгөөс гадна Улаанбаатар, Налайх гээд бусад аймаг, хотод амьдарч буй иргэдийн дунд бас ийм асуудал байгаа бол Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар мэдэгдэж биечилж нэг бүрээр нь энэ асуудлыг шийдэхэд төрийн зүгээс анхаарах болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ