Өнөөдөр "Дэлхийн усны өдөр" тохиож байна

img

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Дэлхийн Усны Өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн бөгөөд албан ёсоор 1993 оноос тэмдэглэж эхэлсэн.

НҮБ-аас цэвэр усны гачигдалд байгаа олон улс орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх талаар улс орнуудад уриалсныг Монгол Улсын Засгийн газар талархан хүлээн авч, 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.

“Дэлхийн усны өдөр”-өөр салбарын тулгамдсан асуудлуудыг эрх баригчид болон олон нийтийн анхааралд хүргэх зорилгоор жил бүр олон үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Устай холбоотойгоор манай улсад тулгарч байгаа асуудлуудыг тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай бодлого, стратеги, хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтын тогтолцоог оновчтой шийдвэрлэх нь салбарын гол зорилтын нэг  юм.

Дэлхий нийтэд нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлт манай орны усны нөөцөд мэдэгдэхүйц нөлөөлж, усны нөөц хомсдох, түүнээс улбаалсан цөлжилт хүрээгээ тэлэх, ургамлын нөмрөг багасах, газрын доройтол нэмэгдэх зэрэг олон хүндрэл дагуулж байгаа.

Манай орны хувьд хот суурины хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар хангах ажлыг сайжруулахын тулд төр, засаг, төрийн албан байгууллагууд, хувь хүн, иргэд их зүйл хийх шаардлагатай юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ