Ожалан зэвсэгт тэмцлээ зогсоохыг курдүүдэд уриалав
Одоо туркийн шоронд хоригдож байгаа курдийн удирдагч Абдулла Ожалан Туркийн засгийн газрын хүчний эсрэг зэвсэгт тэмцэл явуулахаа зогсоохыг өөрийн Курдистаны ажилчны намын (КАН) дайчдад уриалав. Тэр курдийн дайчдыг Туркийн нутгаас гарч явахыг бас уриалсан байна. Баярлан алга ташиж угтсан Ожаланы уриалгыг курдийн Шинэ жилийн баярыг тэмдэглэх үеэр Диярбакыр хотод уншин сонсгожээ. Удаан хугацаагаар үргэлжилсэн КАН болон туркийн эрх баригчдын төлөөлөгчдийн хэлэлцээний дараа ийнхүү гал зогсоохыг уриалсан байна. 30 гаруй жилийн зэвсэгт мөргөлдөөний улмаас 40 мянга гаруй хүн амь насаа алджээ.
Гал зогсоохоор зарлах гэсэн хэд хэдэн удаагийн оролдлого түрүүнд нь бүтэлгүйтэж байсан юм.
“Бидний тэмцлийн шинэ үе шат”
Гэвч BBC агентлагийн сурвалжлагчийн дурдсанаар, энэ удаа хоёр гол хүн болох Ожалан болон Туркийн ерөнхий сайд Эрдагон хоёр зуучлуулагчдаар дамжуулан хэлэлцээ хийж байна. Ожалан сүүлийн 14 жил шоронд байгаа ч, КАН-ын бодлогыг тодорхойлсоор байгаа нь илт байна гэж сурвалжлагч хэлжээ. КАН-ын удирдагч Абдулла Ожаланыг 1999 онд Кенид улсад баривчилж, Туркт авчирсан бөгөөд түүнээс хойш бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа юм. Голдуу курдүүд суудаг Диярбакыр хотод Ожаланы уриалгыг сонсохоор гуравдугаар сарын 21-нд олон арван мянган хүн цугларчээ. Ожаланы мэдэгдлийг парламентын хоёр гишүүн курд, турк хэлээр уншсан байна. “Винтов бууны дуу гарахгүй болж, харин улс төрийн бодлого, үзэл санаа давамгайлах ёстой тэр үед бид хүрлээ. Бидний тэмцлийн шинэ үе эхэлж байна” гэж курдийн удирдагчийн уриалгад дурджээ.
“Бид зэвсэгт эсэргүүцлээс улс төрийн ардчилсан тэмцлийн үед шилжиж байна. Одоо манай зэвсэгт отрядууд хил гарах ёстой (Иракийн умард нутагт очихоор). Гэвч энэ бол төгсгөл биш, харин эхлэл юм. Бид тэмцлээ орхиогүй, гэхдээ тэмцлийн шинэ хэлбэрийг эхлүүлж байна” гэж Ожалан мэдэгджээ. Энэ оны хоёрдугаар сард Абдулла Ожалан олзлогдсон бүх хүнийг суллахыг мөргөлдөөнд оролцож буй хоёр талд уриалсан юм.
Үүний дараа КАН-ын дайчид Иракийн умард нутагт хоёр жил орчим хоригдож байсан туркийн цэргийн найман хүнийг суллажээ.
“Энэ явдал дуусах ёстой”
КАН Курдистаны тусгаар тогтнолын төлөө тэмцлээ 1984 онд эхлүүлсэн юм. Турк, АНУ болон Европын холбоо энэ намыг террорист байгууллага гэж үздэг юм.
Сүүлийн хоёр жилд туркийн арми болон КАН-ын дайчдын хооронд мөргөлдөөн хүчтэй болсон билээ. Энэ нь тухайлбал, хөрш Сирид үймээн болж байгаатай холбоотой юм.
Түрүүнд нь КАН өөрийн дэвшүүлж байсан бие даасан Курдистан улс байгуулах тухай уриа лоозонгоос татгалзаж, үүний оронд өөртөө засах өргөн эрх олгохыг шаардаж байна. Тийнхүү одоо КАН курдүүдэд үндсэн хуулийн болон соёлын өргөн эрх, түүнчлэн курдийн идэвхитнүүдэд үйл ажиллагаа явуулах эрх олгохыг шаардаж байгааг ажиглагчид дурдаж байна.
С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ