Францын хуучин ерөнхийлөгчийг авилгын хэрэгт сэжиглэв
Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозийг Бетантурын хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татжээ. Бордо хотын шүүхийн ордонд Саркозийн оролцож, пүрэв гарагийн орой дууссан олон цагийн байцаалт болон нүүрдүүлэлтийн талаар хуучин ерөнхийлөгчийн өмгөөлөгч Тьери Эрзог ингэж мэдээлсэн байна. “Энэ нь хууль зүйн үүднээс шударга бус, авцалдаагүй шийдвэр юм” гэж Эрзог мэдэгджээ. Энэ шийдвэрийг давж заалдах бодолтой байна гэдгээ тэр онцлон тэмдэглэсэн байна. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, 2007 онд Николя Саркози сонгуулийн өмнөх кампанит ажлаа санхүүжүүлэх мөнгийг “Л’Oреаль” группийн залгамжлагч бөгөөд Францын хамгийн баян эмэгтэй Лилиан Бетанкураас авахын тулд түүний бие муудсаныг далимдуулж байжээ.
Хэргийг мөрдөн шалгах ажил 2007 онд эхэлсэн юм. Одоо арав гаруй хүнийг шалгаж байгаа ажээ. Саркози ерөнхийлөгчийн хугацаа дуусах хүртэл халдашгүй эрхтэй байсан юм. Төрийн тэргүүний үүрэгт ажил социалист намын Франсуа Олландад шилжсэний дараа францын хууль хяналтын байгууллага хуучин ерөнхийлөгчийн хэргийг дахин барьж авчээ. Өнгөрсөн зун хуучин ерөнхийлөгчийн гэр болон оффист нэгжлэг хийсэн байна. Олдсон баримт бичгүүд, тухайлбал Елисейн ордны хуучин эзний хувийн тэмдэглэлийн дэвтэр Саркозийг гэм буруутайг нотолсон даацтай баримтыг илрүүлээгүй байна.
2012 оны арваннэгдүгээр сард Саркозийг эхний байцаалтад дуудаж, энэ байцаалт 12 цаг үргэлжилжээ. Байцаалтын дүнтэй холбогдуулан хуучин ерөнхийлөгчийг сэжигтэн биш, харин гэрч гэж үзсэн байна. Гэвч хэргийг мөрдөж байгаа шүүхийн мөрдөн байцаагч Жанг-Мишель Жантиль Саркозийн асуудал дуусаагүй гэдгийг ойлгуулжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ