Тони Блэйрийн айлчлал эхэллээ
Британи, Умард Ирландын Вант улсын Ерөнхий сайд асан Тони Блэйр өнөөдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн урилгаар манай оронд нэг өдрийн хугацаатай саатахдаа тэрбээр өөрийн удирдан ажилладаг байгууллагуудын шугамаар хамтын ажиллагааны асуудлууд хэлэлцэнэ.
Тони Блэйр Ерөнхий сайдын албаа өгснөөс хойш төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллагыг үүсгэн байгуулжээ. Засгийн газрын үйл ажиллагаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр голлон зөвлөгөө өгдөг “Office of Tony Blair-Government Advisory practice” байгууллага, бизнесийн салбарынханд зөвлөгөө өгдөг “Тоny Blair Аssociates” пүүс, Африкийн улсуудтай хамтран ажилладаг “Тоny Blair Africa Governance Initiative” буяны байгууллага, ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Тоny Blair Faith Foundation”, НҮБ, Европын Холбоо, АНУ, ОХУ ба Ойрхи Дорнодын энхийн элчээр ажилладаг “Office of the Quartet Representative” зэрэг байгууллагыг тэрбээр удирддаг.
Дээрх байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар энэ удаагийн ажлын айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Гадаад харилцааны сайд Л.Болд нартай санал солилцоно. Мөн эрдэмтэн судлаачидтай уулзаж, Bloomberg Mongolia телевиз болон МҮОНТВ-ийн Face to face нэвтрүүлэгт ярилцлага өгөх аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ