Санамж бичигт гарын үсэг зурлаа

img

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаатар нар Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд “Гэр хорооллын хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь ММСС-ийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн сонгогдсон хэсгүүдэд “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ыг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж, иргэдэд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоорталууд өргөн хүрээтэй хамтран ажиллахад оршиж байгаа юм. Тодруулбал, тус ажлыг хэрэгжүүлэхэд Нийслэлийн болон дээрх гурван дүүргийн Засаг даргын тамгын газраас дэмжлэг үзүүлж, Нийслэлийн өмчийн харилцааны газартай нягт хамтран ажиллан газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо.

Улаанбаатар хотын хэмжээнд “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил” нь  өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд нийт 46.600 гаруй хашааны газрын хээрийн нарийвчилсан судлагааг хийн, иргэдийн газрын эрхийг баталгаажуулах юм.

Төслийн хүрээнд тус ажлыг гэрээлэгч байгууллага хэрэгжүүлэх бөгөөд хээрийн судалгааны ажлын үеэр сонгогдсон хэсгүүдийн айл нэг бүрт очиж, иргэдийн газар өмчлөлтэй холбоотой материалыг бүрдүүлэн авч тэднийг төлөөлөн холбогдох төрийн байгууллагатай ажиллахын зэрэгцээ тус ажлыг үнэ төлбөргүй явуулж байгаа нь иргэдийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм.

]Мөн Нийслэл, дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь ММСС-ийн хүрээнд бүрдүүлэн ирсэн иргэдийн газар өмчлөх хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх боломж нээгдэж байна. Ингэснээр нийслэлийн удирдлагууд, төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллүүд Улаанбаатар хотынхоо иргэдийг өмчтэй болгох цаашлаад,өдгөө 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх үйлст нэгэн зорилгын дор нэгдэж байгаа хэрэг юм. Энэхүү санамж бичигт талууд гарын үсэг зурснаар хийгдэх нэн тэргүүний ажил болгож Нийслэлийн болон Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албадаас санаачлан “Иргэдэд газар өмчлүүлэх ажил”-ыг эрчимжүүлэх нэг сарын аяныг энэ сарын 25-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.

“Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил” нь дээрх гурван дүүрэгт жишиг байдлаар хэрэгжсэнээр гэр хорооллын газар дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэхэд томоохон угтвар ажил болох төдийгүй иргэдийн санаатай болон санамсаргүйгээс үүдэлтэй газрын зөрчил маргааныг арилгах, холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийн санг үнэн бодит мэдээллээр хангах, газар өмчлөл бүртгэлийн ажлыг нэгдсэн байдлаар бусад дүүрэг хороодод хэрэгжүүлэх шилдэг аргазүйг НЗДТГазарт хүлээлгэн өгөх зэрэг ихээхэн ач холбогдолтой юм.

ХЭТ-өөс өнгөрсөн онд “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ыг төсөл хэрэгжиж буй бүсийн найман тулгуур төвд хэрэгжүүлэн нийт 36,000 гаруй хашааны газрын хээрийн нарийвчилсан судалгааг хийснээс 10,800 гаруй хашааны газрын өмчлөх эрхийг баталгаажуулан иргэдэд Газар өмчлөх эрхийн гэрчилгээг нь гардуулан өгсөн байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ