Жуулчдыг хүлээн авахад бэлэн болжээ
Урин дулааны улирал ирэхтэй зэрэгцэн гадаадын жуулчид манай орныг зорин ирэх нь эрс нэмэгддэг билээ. Тиймээс гадаадын болон дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилготой “Mongolia ITM-2013” үзэсгэлэн өнгөрөгч амралтын өдрүүдэд Мишээл эскпогийн үзэсгэлэнгийн танхимд зохиогдлоо.
Энэхүү олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг Соёл, спорт, алал жуулчлалын яам, Монголын аялал жуучлал эрхлэгчдийн холбоо, Аялал жуулчлалын үндэсний төв, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулсан юм. Хоёр өдөр зохион байгуулагдсан энэхүү үзэсгэлэнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 130 гаруй байгууллага оролцов. Энэ үеэр оролцогчид монгол орны байгалын үзэсгэлэнт газруудыг түшиглэн байгуулсан амралтын газрууд, 5-10 хоногийн аялалын хөтөлбөр, нислэгийн хуваарь, гар урлалын бүтээл, жуулчдад зориулсан үйлчилгээний онцлог зэргийг танилцуулсан.
Түүнчлэн гадаадын жуулчдад зориулсан аялалаас гадна монголчууддаа зориулсан хилийн чанадад аялах боломж буюу Ази, Европын аялалын танилцуулгыг хийсэн юм. Мөн Торго салоны үндэсний хувцасны үзүүлбэр, Монгол костюмсийн Үндэстэн ястны коллекци зэргийг сонирхуулж, Сүлд чуулга, Түмэн эх чуулга, Төмөр замын дуу бүжгийн чуулга, Монгол онгод хамтлаг, Домог хамтлаг, уран нугараачийн үзүүлбэр зэрэг үндэсний гэгдэх урлагийн тоглолтууд зохиогдлоо.
Үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулан аялал жуулчлалын хөгжил, үйлчилгээний чанар, ажиллах хүчин, өвлийн аялал жуулчлалын асуудал, Мөн Be Mongolian төслийн танилцуулга, говь дахь тусгай аялал жуулчлалын талаар мэдээлэл өгөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ