Сирийн сөрөг хүчний удирдагч огцорсныг АНУ нэг их тоохгүй байна
Шейх Ахмед Муаз аль-Хатыбыг сирийн сөрөг хүчний тэргүүний албан тушаалаас огцорсныг АНУ тоохгүй байхыг оролджээ. Аль-Хатыбын огцорсон нь “сүртэй зүйл биш”, тэр сөрөг болон хувьсгалт хүчний үндэсний эвслээс (НКОРС) гарах бодолтой байгаагаа өмнө нь ч мэдэгдэж байсан юм гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ням гарагт хэлсэн байна. Түр засгийн газрын тэргүүн Гассан Хиттотай үр нөлөөтэй хамтран ажиллана гэж найдаж байгаагаа тэр бас илэрхийлжээ.
Энэ эвслийн эгнээнд гарч байгаа өөрчлөлт бол “бараг л гарцаагүй үйл явц. Хэргийн учир ганц нэг хувь хүнд байгаа юм биш” гэж тэр хэлсэн байна. “АНУ сирийн сөрөг хүчинд цаашид ч дэмжлэг үзүүлнэ” гэж Керри батлан илэрхийлжээ. “Би саяхан сонгогдсон ерөнхий сайд Хиттотай, түүний дотор тусламж хүргэх асуудлаар туйлын нягт хамтран ажиллаж байгаа” гэж америкийн гадаад бодлогын байгууллагын тэргүүн хэлсэн байна.
Ямар ч нөхцөлд сирийн сөрөг хүчин ерөнхийлөгч Башар Асадыг засгийн эрхнээс зайлуулахад чиглэсэн үйл ажиллагаагаа үрглэлжлүүлнэ гэж тэр бас онцлон тэмдэглэжээ.
Арабын хэвлэлд бичсэнээс үзвэл, аль-Хатыб эвлэршгүй радикал үзэлтнүүд болон сирийн сөрөг хүчнийг дэмжиж буй гадаадын хандивлагч нар, түүний дотор Катарын засгийн газартай санал зөрөлдсөнөөс болж огцорсон байна. Тухайлбал, зэвсэгт мөргөлдөөнийг нэн даруй зогсоох зорилгоор аль-Хатыб Дамаск хотод эрх баригчидтай яриа хэлцээ хийх бодолтой байгаад хандивлагч орнууд дургүйцжээ. Эвслийн удирдлагын 63 гишүүний 12 нь аль-Хатыбын хамт тус эвслээс гарах бодолтой байгаагаа зарласан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ