Дэлхий дахины тойм

img

Дэлхий нийтийн  анхаарлын төвд байсан  мэдээ мэдээллийн тоймоос багцлан хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт томоохон улсын тэргүүнүүдийн  айлчлал болсноос гадна иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байсан Киприйн  санхүүгийн хүндэрлүүдийг хэрхэн шийдвэрлэсэн зэрэг болон бусад мэдээллийг уншина уу.

Барак Обама Израильд айлчлав

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн аравдугаар сард улиран сонгогдсоноос хойш анх удаа Израиль улсад айлчлалаа. Түүний төлөөлөгчийн мэдээлснээр тэрбээр Израильд хийж буй айлчлалынхаа хүрээнд Сирийн иргэний дайн, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар санал солилцох аж. Түүнчлэн Америкийн албаныхны зүгээс ерөнхийлөгч Барак Обамагийн айлчлалын үр дүнд Израйль-Палестин улсын хоорондох энх тайван байдал дахин сэргэнэ гэдэгт бага ч болов найдлага тавьж буй гэнэ.

Израйльд хийж буй гурван өдрийн айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас нартай АНУ-ын ерөнхийлөгч уулзахаар төлөвлөжээ.

Банкны хадгаламжид татвар ногдуулахыг зөвшөөрсөнгүй

Киприйн парламентын гишүүд банкны хадгаламжид татвар ногдуулах төлөвлөгөөг мягмар гарагт дийлэнх олонхийн саналаар няцаажээ. Эрх баригч Ардчилсан цугларалт намын 19 депутат санал өгөхөөс түдгэлзэж, харин бусад таван намын 36 төлөөлөгч хямралын эсрэг программыг санхүүжүүлэхэд банкны хадгаламж эзэмшигчдийг албадан оролцуулахыг эсэргүүцсэн.

Энэ төслийг түрүүчийн бямба гарагт Киприйн засгийн газар Европын бүлэгтэй зөвшин тохирсон юм. Гэвч еврогийн бүсийн Киприйн түншүүд банкин дахь иргэдийн мөнгөнд нэг удаагийн “хямралын эсрэг татвар” ногдуулснаар тэдний хадгаламжийн нэг хэсгийг хүчээр хураан авах гэсэн урьд байгаагүй арга хэмжээ авахад Киприйн засгийн газрыг хүргээд байсан юм. Кипрчүүд хүмүүсийн хадгаламжийг хэзээ ч хөндөхгүй хэмээн сүүлчийн агшин хүртэл батлан илэрхийлж байсан эрх баригчдад өөрсдийгөө дээрэмдүүлж, мэхлэгдсэн хэмээн үзжээ.

Улс төрийн намууд ч хадгаламжид татвар ногдуулахыг эсэргүүцсэн юм. Санал хураалтын өмнө  парламентад ширүүн мэтгэлцээн болж, депутатууд Европын бүлгийн түншүүдийн үйлдлийг “бүдүүлэг дарамт”, “урвалт” хэмээн шууд мэдэгдэж байжээ.

Ши Жинпин гадаад дахь айлчлал оросоос эхэллээ

Ши Жинпин БНХАУ-ын тэргүүнээр албан ёсоор томилогдсоноосоо хойш гадаад улсуудад хийж байгаа айлчлалаа Орос улсаас эхэллээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж хоёр орны харилцаа болоод эрчим хүч, хөрөнгө оруулалтын талаар голчлон ярилцана хэмээн БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн юм. БНХАУ-ын дарга Ши Жинпиний хэлснээр энэ уулзалт олон чухал асуудлын хүрээнд хийгдэж байгаа ч үүнээс гадна хоёр орны нөхөрсөг харилцааг бэхжүүлэх томоохон зорилготой хэмээсэн  байна.

Хоёр талын уулзалтыг олон улсын тоймчид өндөр ач холбогдолтой, стратегийн чухал асуудлуудаар ярилцах болно хэмээн  таамаглаж байгаа. Ши Жинпин  энэ сарын  27-28-ны өдрүүдэд БРИКС-ийн орнуудын уулзалтад очно. Харин түүний айлчлал цаашлан Танзани, Өмнөд Африк, Бүгд найрамдах Конго зэрэг улсуудаар энэ сарын 30-ны өдөр хүртэл айлчлахаар төлөвлөсөн байна.

Малала дахин сургуульд явж эхэлжээ

Хүний эрхийн төлөө тэмцэгч Пакистан охин Малала Юсуфзай өнгөрсөн аравдугаар сард талибанчуудын суманд өртөн хүнд шархатсан билээ. Үүнээс хойш Малала Их Британи улсад ирж хоёр ч удаа мэс засал хийлгэн, удаан хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэснээр сургуулиасаа завсардаад байсан юм. Харин өдгөө 15 настай Малалагийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч дахин сургуульд явж эхэлсэн байна. Нобелийн шагналд нэр дэвшээд буй Малала охин Английн Бирмингем хотын Эджебастон охидын ахлах сургуульд пүрэв гаригаас эхлэн хичээллэж эхэлжээ. Малала Юсуфзай дахин сургуульд явж буй анхны өдрөө амьдралынхаа хамгийн чухал өдөр гэж тодорхойлон “Хүүхэд бүр үндсэн эрхийнхээ дагуу сургуульд явах ёстой” хэмээн ярьсан байна. Түүнчлэн тэрээр цаашдаа улс төр, хууль эрх зүйн чиглэлээр суралцах хүсэлтэй буйгаа ярьжээ.

Иракийн дайн эхлээд арван жилийн хугацаа өнгөрчээ

АНУ тэргүүтэй Иракийн эсрэг эвслийн хүчин 2003 оны гуравдугаар сарын 20-нд Иракт Саддам Хусейны дэглэмийг тvлхэн унагаахаар дайн эхлүүлснээс хойш 10 жил өнгөрчээ. Дайн эхэлснээс хойшхи арван жилийн ой энэ долоо хоногт тохиож байна.

АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Буш гуравдугаар сарын 16-ны өдөр НҮБ-ын зааварлагчидтай 48 цагийн хугацаанд хуралдаж, Иракийн дайныг эхлүүлэх тушаал гаргаж байсан юм. Тийнхүү гуравдугаар сарын 20-ны өдөр АНУ-ын арми урьдчилан мэдэгдэлгүйгээр Иракийн нутаг дэвсгэрт дайран орж дайныг эхлүүлсэн.

Иракийн тав дахь ерөнхийлөгч Садам Хуссейны эсрэг дайн 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон ч дайны уршиг одоо ч үргэлжилсээр байгаа. Харин АНУ-ын одоогийн ерөнийлөгч Барак Обама хэлсэн амандаа хүрч Иракийн дайныг дуусгахаа өнгөрсөн онд Умард Каролинагийн Форд Брегг цэргийн баазад албан ёсоор мэдэгдэж, ирэх 2014 он гэхэд цэргээ бүрэн татахаа мэдэгдээд байгаа билээ.

Иракийн дайны гарз хохирлыг хэмжих аргагүй ч 2011 оны 12 дугаар сар хүртэл үргэлжилсэн дайны талбарт 4,500 Америк цэрэг, 100 мянга хол давсан Ирак цэрэг амиа алдсан гэсэн тооцоо гаргасан байна. Гарз хохирлын хэмжээг доллараар хэмжвэл олон зуун тэрбумд хүрнэ гэжээ.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ