Чуулгын захирал Л.Бямбажавыг нөлөө бүхий хүний захиалгаар томилсон гэв
УБТЗ-ын Дуу бүжгийн чуулгын хамт олон өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийлгэлээ. Тус чуулгын дэд захирал Г.Алтангуль тэргүүтэй уран бүтээлчид “Манай чуулгын захирлаар өнгөрөгч 2012 оны аравдугаар сарын 08-ны өдөр томилогдсон дуучин Л.Бямбажав нь удирдах албах тушаалтанд байх санхүүгийн наад захын мэдлэггүй. Байгууллагын тамгыг гадуур авч явдаг. Нийт ажилчдын хурал долоон удаа хийхдээ 22 ажилтанд арга хэмжээ авсан. Байгууллага удирдах чадваргүй. Урлагийн байгууллагын удирдах ажилтанд байх ёс зүйгүй. Өөрийн ашиг сонирхлын улмаас бүжгийн багш, менежерийн орон тоог үгүй болгож батлуулах замаар мэргэжлийн уран бүтээлчдийг хоморголон халсан” гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн чуулгын захирал Л.Бямбажав нь тус хамт олныг хэл амаар доромжлон хөөж туудаг. Маш дээрэнгүй харьцдаг. Тушаал шийдвэр бичиж чаддаггүй. Албан тоот бичгийн бланк нь дээр тушаал бичсэн. Бичсэн тушаал нь утга, хэл найруулгын алдаатай. Өнөөдрийг хүртэл УБТЗ-ын Дуу бүжгийн чуулгыг үүд хаалгаа барихад хүргэж байгаа тухай мэдээллээ.
Тиймээс захирлынхаа ажлын арга барил, дарамт шахалтаас нь болж тус чуулгын хамт олон аргагүйн эрхэнд дээд удирдлагадаа өргөх бичиг барьсан байна. Гэтэл Л.Бямбажав нь өнгөрөгч нэгдүгээр сарын 22-ний өдөр болсон уран бүтээлчдийн хурлын үеэр “Та нарын энэ ажил чинь бүтэхгүй. Би бол том ар талтай. Та нар намайг унагаж чадахгүй. Би энэ нягтлан, нярав гээд байгаа хүмүүсийг бүгдийг нь хална” хэмээн сүрдүүлжээ. Түүнчлэн ажлын шаардлагаар өрөөнд орсон ажилтнаа “Чи өргөх бичигт гарын үсэг зурсан уу. Намайг юу гэж бичсэн. Хэлчих. Өргөх бичгийг хэн толгойлсон” гэж асуугаад гарын үсэг зурсан гэж хэлсэн хүнийг нь “Чи зайл, яв” хэмээн хашигчиж загнаж өрөөнөөсөө хөөж явуулсан гэнэ.
Тус чуулгын хувьд зах зээлийн хэцүү үеэс өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвиж ард түмэндээ үзүүлж ирсэн. Тэдний хэвлэлд хандсан гол асуудал нь захирал Л.Бямбажавын буруу арга барилын улмаас тус чуулга үүд хаалгаа барихад хүрснийг олон нийтэд дуулгах аж.
УБТЗ-ын боловсон хүчин хариуцсан дарга н.Мижиддорж чадваргүй боловсон хүчин ажилд томилж чуулгыг ийм хүнд байдалд хүргэв гэдэгт “Би Л.Бямбажавын садан төрөл биш. Миний хамаатан садан гэж хүмүүс ярьдаг. Дээрээс нөлөө бүхий хүн санал болгсон учраас чуулгын захирлаар ажилд авсан” гэсэн тайлбарыг өгч байжээ.
Гэтэл маргааш нь н.Мижиддорж дарга өөр байдлаар тайлбарлаж ярьсан аж. Тодруулбал, чуулгын захирлын сонгон шалгаруултад мэргэжлийн хүн байгаагүй учраас Л.Бямбажавыг захирлаар авсан гэж хэлсэн аж.
Хэвлэлийн хуралд оролцсон уран бүтээлчид “Л.Бямбажав нь анх ирэхдээ л ямар ажлын төлөвлөгөөгүй байсан. Юу хийх нь тодорхойгүй. Чуулгын захирлыг томилохдоо удирдлагууд хариуцлагатай хандах ёстой байсан. Гэтэл ямар ч чадваргүй боловсон хүчин томилж байгааг гайхаж байна. Төлөвлөгөө байхгүй учраас ажил зогсч, уран бүтээлчид зэвэрлээ. Ажилгүй хагас жилийн нүүр үзэж байна. Үүд хаалгаа барихад хүрлээ. Чуулгын хамт олон маань олон улсын шагналтай чадварлаг уран бүтээлчид ажилладаг” гэдгийг хэлж байлаа.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ