Өр чөлөөлөх тухай хэлэлцээр байгуулагдлаа

img

Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хооронд 1990 оноос өмнө хийж байсан бараа солилцооноос үүссэн худалдааны алдагдал болох өрийг нэг мөр зохицуулах үүднээс Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дансны өр авлагыг хүчингүй болгох буюу Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газрыг өр эргэн төлөх үүргээс чөлөөлөх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл  уг шийдвэрийн дагуу энэ сарын 22-ноос  БНКУ-ын нийслэл Гавана хотноо “Өр хүчингүй болгох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдлаа.

Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд О.Даваасамбуу, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газрыг төлөөлж Кубын Үндэсний банкны Ерөнхийлөгч Рене Лазо Фернандез нар гарын үсэг зурлаа.

Түүнчлэн энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээнд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд хэлэлцээр байгуулснаар Монгол, Кубын ард түмэн, Засгийн газар хоорондын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж шинэ шатанд гарч, хоёр улсын харилцаа харилцан ашигтай, эрх тэгш байдалд үргэлжлэх болно гэдгийг Элчин сайд О.Даваасамбуу, Кубын Үндэсний банкны Ерөнхийлөгч Рене Лазо нар онцолсон байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ