“Миний дэлгүүр”-ийн үйл ажиллагааг зогсоолоо
ШӨХТГ-аас “Миний дэлгүүр”-ийн дөрвөн салбар дэлгүүрийг түр хугацаагаар хаах болсон тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй супермаркет, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилго бүхий хяналт шалгалтын ажлыг хийхэд “Сонгинохангай”ХХК-ийн супермаркет, сүлжээ дэлгүүрт шошгожилтонд тавих шаардлага хангаагүй, шинжилгээний бичиггүй буюу мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтгүй, гарал үүслийн бичиггүй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд худалдаж байсан зөрчил илэрчээ.
Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан, битүүмжлэл алдагдсан бүтээгдэхүүн худалдаалсан, хэрэглэгчдэд зориулсан хяналтын жингийн баталгаажуулалтын хугацаа дууссан, хяналтын жин байхгүй, барилга байгууламж, галын аюулгүй ажиллагаа, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлага зөрчжээ.
Мөн барааг худалдаалахад бэлтгэх туслах өрөө, зориулалтын талбай бүхий агуулах нь шаардлага хангахгүй, чийглэг, темпаратурын автомат тохируулга бүхий агааржуулалтын систем ажиллахгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Тиймээс тус дэлгүүрүүдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, “Миний дэлгүүр”-ийн 102, 124, 105, салбаруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг ШӨХТГ-аас гаргасан байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ