
Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газрын удирдлагууд мэдээлэл хийлээ. НЦГ-ын мэдээллээр энэ сарын 08-21-ний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 18 497 мэдээлэл хүлээн авч, 706 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ, мэдээлэл 633 нэгж буюу 3.5 хувиар, гэмт хэрэг 52 нэгж буюу 7.9 хувиар өссөн байна. Өнгөрсөн долоо хоногт “Монгол цэргийн өдөр” тохиож, уг баярыг олон нийт нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлсэн нь гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлжээ.
Мөн нийслэлийн Замын цагдаагийн газрын Шуурхай албаны утсанд нийт 483 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс зам тээврийн хэргийн шинжтэй 186, осол, зөрчлийн шинжтэй 297 дуудлаганд очиж, Улаанбаатар хотын гудамж замд хяналт тавьж, нийт 21537 тээврийн хэрэгсэл шалгаснаас 17 780 зөрчил илрүүлж, 14 068 хүнд 67.695.000 төгрөгийн торгууль ногдуулжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн оны мөн үеэс 28 хувиар өссөн үзүүлэлтэй байна гэлээ. Харин НОБГ-т гамшиг ослын 120 удаагийн дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 102, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 18 дуудлага байжээ. Гал түймрийн улмаас хоёр, уурхайн нурангид дарагдаж нэг хүн нас барж, галд долоон хүн түлэгдэж, зам тээврийн болон ахуйн осолд бэртэж гэмтсэн долоон хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, гурван хүнийг эмнэлэгт хүргэж, болзошгүй гамшгийн аюулаас 33 хүний амийг аварсан байна.
Ирэх сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал” зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан нийслэл хотод хийгдэж буй тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Т.Батбаяр танилцууллаа. Эхний ээлжинд нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу Улаанбаатар хотын хориглосон газруудад байрласан зар сурталчилгааны самбаруудыг цэгцэлж, Цагаан зурваст орсон самбаруудыг буулгах ажил эхэлсэн байна. Мөн зам засвар, ногоон байгууламжийг сэргээх ажил хуваарийн дагуу хийгдэнэ гэдгийг хэллээ. Шуурхайг даргалсан нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Н.Батаа нийслэлийн удирдлагуудад ажлаа эрчимжүүлэх, 2013 оны эхний улирлын ажлын төлөвлөгөөний биелэлтийг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо
гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ