Хот, хөдөөд нийтдээ 4817 мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэж байна
Хөдөлмөрийн яамнаас санаачлан ажил олгогчдын захиалга, эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 4817 суралцагч хичээлдээ ороод байгаа. Эдгээр суралцагчид эхний хоёр сар танхимын сургалтад хамрагдаж байгаа бол ирэх сарын нэгнээс тус тусын гэрээ байгуулсан аж ахуй нэгж байгууллагууд дээрээ очиж дадлагын хичээлээ эхлэх юм.
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг Хөдөлмөрийн яамнаас өгсөн бодлого, чиглэлийн дагуу Улаанбаатар хотод 18, хөдөө орон нутагт 38 МСҮТ хэрэгжүүлж байна. Суралцагчид Засгийн газраас олгож байгаа 140 400 төгрөгийн тэтгэмжээ авч эхэлсэн бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаараа онцлогтой.
Хот, хөдөөгийн МСҮТ-ээс тус хөтөлбөрийн хүрээнд хамгийн олон суралцагчидтайгаар нь авч үзвэл Өвөрхангай аймгийн МСҮТ-д 296 суралцагч, Увс аймгийн МСҮТ-д 291, Ховд аймгийн МСҮТ-д 258 хүн суралцаж байгаа бол нийслэл хотод ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь Политехник коллежид 196, Монгол-Солонгосын Политехник коллежид 166 суралцагчтай юм байна. Түүнчлэн нийслэл, хөдөө орон нутагт суралцаж байгаа хүний тоогоор харьцуулж үзэхэд хөдөө орон нутагт 3523, нийслэл хотод 1261 хүн мэргэжил эзэмшиж байгаа юм.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ