Л.Бямбажав: Мэргэжлийн шалгалтандаа тэнцчихээд намайг шүүмжлээсэй
“Дэндүү дээ, дэндүү даанч дэндүү дээ” хэмээн дуугаар олны танил болсон дуучин Л.Бямбажав УБТЗЧ-ын даргаар ажиллаад хэдхэн сар болж байгаа аж. Өчигдөр чуулгын ажилчид хэвлэлийн бага хурал хийж, ажилдаа хариуцлагагүй ханддаг, олон ажилчдыг ажлаас халсан зэрэг асуудлыг олон нийтэд танилцуулсан. Энэ талаар чуулгын дарга Л.Бямбажавтай уулзаж ярилцсан юм.
-Танай хамт олон таны тухай мэдээлэл хийсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ? -Би энэ албан тушаалд томилогдоод багагүй хугацааг өнгөрүүлсэн. Миний тавьсан шаардлага зарим нэг ажилчдад таалагдаагүй учраас ийм мэдээлэл гарсан гэж бодож байна. Миний хувьд ажил, үүргийнхээ дагуу ажлын байрандаа архидан согтуурах, ажил таслах зэрэг зөрчлийг таслан зогсоож ажилласан. Мөн өчигдрийн хэвлэлийн бага хурлын үеэр нотлох баримтгүй зүйл ярьж байх юм. Тэдний ярьсан зүйлийг хууль, хяналтын байгууллагад нь шалгуулна гэж бодож байгаа. Намайг 22 хүнийг ажлаас нь халсан гэж ярьсан. Яг үнэндээ тэтгэвэрт гарах нас нь болчихсон дөрвөн ажилчин, хоёр бүжигчин, нэг тонмистер ажлын байранд архидан согтуурсан учраас хариуцлага тооцсон.
- Хэвлэлийн бага хуралд оролцсон хүмүүс ажлаасаа халагдсан ажилчид уу? - Ер нь үзэл бодол нийлэхгүй, мэргэжлийн ур чадвар муу гэж хэлэхээр надад гомдох байх. Гэхдээ түвшин тогтоох шалгалтаа өгчихөөд хэвлэлийн бага хурал хийж,намайг шүүмжлээсэй гэж хэлмээр байна. Хэвлэлийн бага хуралд цалингийн 20%-иар тогуулсан нарийн бичиг, хоёр хөгжимчин нар уг хурлыг зохион байгуулсан юм шиг байна лээ. Мэдээж хүн л болохоор алдаа гаргана. Гэхдээ би сүүлдээ та нар миний насыг хүндлэхгүй байж болно. Тэгвэл энэ байгууллагыг, албан тушаалыг хүндлээрэй гэж хүртэл хэлж байсан. Тэгээд үүрэг даалгавар биелүүлээгүй тохиолдолд бичгээр шаардлага тавихад та юунд ашиглах гэж байна гээд л үл ойлголцол үүсдэг байсан. Хүний тэсвэр, тэвчээр алдагдаж бүүр сүүлдээ гар утсандаа бичлэг хийсэн нь үнэн. Яагаад гэхээр миний хэлсэн шаардлагыг үл тоож, сүүлдээ "би, чи дээрээ хүртэл маргалдсан асуудал гарсан. Дараа нь тэр хүний ярьсан зүйлийг баталгаажуулах гэсэн юм л даа. Ер нь сонсоход өмнөх дарга нарынхаа талаар энэ мэтээр бичиг цаас хүргэж байсан юм билээ.
- Таныг удирдах албан тушаалын ажлаа хийж чаддаггүй, ажлын ур чадваргүй хэмээн тайлбарласан? - Би анх Төмөр замын техникумыг төгсөөд ажлын гараагаа барилга дээр ажиллаж эхэлж байлаа. Дараа нь СУИС-д орж, Удирдлагын академид суралцаж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад найман жил дуучнаар ажилласан. Сүүлд хувийн компанийг зургаан, долоон жил удирдаж ажилласан. Тийм болохоор удирдах арга барил, ажиллах чадвар, итгэл байгаа байх гэж бодож байна. Миний ард талд ямар ч том албан тушаалтан байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Би Төмөр замын сургуулиас амьдрал, ажлынхаа гарааг эхэлж байсан бол өнөөдөр буцаад энэ байгууллагад ажиллаж байгаагаа бэлэгшээдэг. Ер нь хүнд итгэж, хүний итгэлийг алдахгүй байж, хариуцлагатай ажиллах хэрэгтэй шүү дээ. Тус байгууллагын удирдлагаар ажиллаад бараг таван сар гаруй болж байна. Энэ хуагцаанд “Шинэ бүтээл, шилдэг санаа” уралдаан зарлаж, вэб сайттай болж байгаа. Тэгэхээр хэвлэлийн бага хурал хийсэн ажилчид байгууллагынхаа дотоод журам, 2013 оны төлөвлөгөөгөөг үзээсэй гэж хэлмээр байна. Өнөөдөр бодит үнэн ийм байгаа болохоор үнэн зүйлийг мушгин, гуйвуулж болохгүй л дээ.
- Төмөр замын чуулгын төсвийг хаанаас баталдаг вэ? - Манай төсвийг УБТЗ-аас баталдаг. Энэ жил 335 сая төгрөгийн төсөв баталсан л даа. Мөн хавар болохоор УБТЗ-ын тээвэр багасдаг. Энэ хугацаанд төмөр замаас хэсэг ажилчиддаа цалингүй чөлөө олгож, амраах шийдвэр ирсэн юм. Бид гурван сар цалингүй чөлөө авч, амаръя гэсэн шийдвэрийг танилцуулж, хурал хийсэн. Гэтэл биднийг ажлаас халах гэж байна буруугаар ойлгож ярьсан л даа.
- Өнөөдөр тус чуулгад хичнээн уран бүтээлчид ажилладаг вэ? - Манай чуулгад найман бүжигчин, зургаан дуучин, арван хоёр хөгжимчин нийт 26 уран бүтээлч ажилладаг. Яг үнэндээ өнөөдөр ямар уран бүтээлч ажилладгийг хүмүүс мэдэхгүй шүү дээ.
- Та өөрөө уран бүтээлч хүн. Чуулгын ажил гээд өөрийн уран бүтээлээ хойш тавиад байна уу? - Би хааяа хаана ч явсан дуулмаар санагдаад байдаг. “Гамнаарай” “Алаг нүдэн хань минь” “Хувьтай айлын бэр” зэрэг уран бүтээлүүд маань сонсогчдод хүрсэн. Мөн ирэх сарын сүүлээр “Орчлонд би азтай төржээ” нэртэй тоглолт хийхээр төлөвлөж байна. Мөн энэ зун кино концерт хийх бодолтой байна.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ