Баавар амиа хорлохыг завдаагүй гэв

Түүнийг амиа хорлохыг завдсан гэсэн мэдээллийг албаны эх сурвалжууд өчигдөр сэтгүүлчдэд өгсөн.
Тэгвэл ар гэрийнхэн нь эл асуудлыг эрс няцаасан хариулт өгч байна. Дөнгөж сая Бааварын ээж, ах, эгч болон түүний өмгөөлөгч Ш.Баттогтох нар хэвлэлийн хурал хийлээ.
Өмгөөлөгч Ш.Баттогтох
-Бааварыг амиа хорлохыг завдсан гэсэн мэдээлэл их цацагдаж байна. Өмгөөлөгчийнх нь хувьд тайлбар хийнэ үү?
-Ш.Батбаярын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1 гэсэн зүйл ангиар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Тодруулбал, хар тамхи, мансууруулах бодис хадгалсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжиглэгдсэн.
Гэхдээ шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна. Баавар 10-15 жилийн хорих ялаар шийтгэгдэх ялтай учраас амиа хорлохыг завдсан гэсэн ташаа мэдээлэл цацагдаж эхэллээ. Ш.Батбаярын татагдсан 192.1 гэх зүйл ангиар гэм буруутай нь тогтоогдвол хамгийн дээд ялын хэмжээ нь хоёр жил. Тэнсэн харгалзах ял авч болно. Тэгэхээр Ш.Батбаяр өөрийнхөө амийг хорлох гэсэн оролдлого хэзээ ч байх боломжгүй. Анхнаасаа энэ хэрэгт эрхзүйн туслалцаа үзүүлж байсан хүний хувьд тодорхой зөвөлгөөг өгч байсан. Өөрөө ч сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан хүн. Ямар ч амиа хорлох шалтгаан байхгүй ор үндэслэлгүй.
-Ш.Батбаярыг гавласан гэсэн. Хэрэгт сэжиглэгдэн хоригдсон хүнд гав зүүх нь зөв үү?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гяндан хүлээ, гав, бороохойг тодорхой журмын дагуу хэрэглэдэг. Ш.Батбаярт сахилгын арга хэмжээ авч камерт хорьсон. Чухам сахилгад хийх үндэслэл байсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар байсан өөрийнх нь хэлэхээр сахилгын арга хэмжээ авахуулах үндэслэл байгаагүй. Хянагч нар долуулаа хүч хэрэглэж сахилгын камерт оруулсан гэж байна лээ. Хөлийг нь дөнгөлсөн. Одоо түүний толгой бүтэн шатсан. Нуруу нь бүтэн шатсан.
Гав бороохой хэрэглэх журам гэж бий. Сахилгад хийхдээ албадлага хэрэглэсэн. Яагаад сахилгад хийхдээ Ш.Батбаярт хүлээс хэрэглэсэн юм бэ гэдэгт хуульч хүний хувьд гайхаж байна. Би өмгөөлөгчөөр 17 жил ажиллаж байгаа. Анх удаагаа хориход хүн боодог болтлоо шатсан тохиолдлыг харлаа. Анх удаагаа монголд ийм хэрэг гарч байна.
-Шүүх хурал нь хэзээ товлогдсон бэ?
-Ирэх дөрөвдүгээр сарын2-ны өдөр анхан шатны шүүх хурал нь болно. Өмнө нь нэг удаа товлогдсон шүүх хуралд Ш.Батбаяр хоцорч ирсэн учраас саатуулагдсан юм.
Өмгөөлөгч н.Ганбат
-Галын шалтгааныг тогтоосон юм бол уу?
-Хэрэг шалгагдаад жил болж байна. Ш.Батбаярыг гурван хүн өмгөөлж байгаа. Хэргийн гэм бурууг эцсийн байдлаар шүүх шийднэ. Гал гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор хуулийн байгууллага ажиллаж байна. Мэргэжлийн галын байгууллага эцсийн байдлаар дүгнэлтийг гаргана. Гэтэл галын шалтгаан тогтоогдоогүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ш.Батбаярыг буруутгасан мэдээлэл цацагдаж байгаа нь буруу. Яагаад гал гарсныг тогтоох цаг нь болоогүй. Бодит үнэнийг мэргэжлийн байгууллага тогтоодог байтал хэт нэг талыг барьсан мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Тэгээд ч галын шалтгааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тогтоодоггүй.
-Ш.Батбаярыг хувь хүнийнх нь талаар та хэр мэдэх вэ?
-Би бүтэн жил түүнтэй ажиллаж байна. Цайлган, хөдөлгөөнтэй. Хэлэх үгээ хэлчихдэг тийм л эр хүн. Би загнаж, аргадаж, өрөвдөж үзсэн. Ш.Батбаярын биеийн 35 хувь түлэгдсэнд хэн буруутай вэ. Тэр хоригдож байсан өрөөнд нь байсан бүх зүйл шатсан. Хаалга нь улайссан байсан гэнэ лээ. Харин яаж галаас амьд гарсан юм. Нэг зүйлийг нэмж хэлэхэд сахилгад орсон хүнд хяналт тавих ёстой цагдан хорихын ажилтнууд гал гарч байхад хаана явсан юм бэ. Өдгөө Ш.Батбаярын биеийн байдал хүнд байна. Ямар нэг явуулга хатгаас байсан уу гээд шалгах асуудал их бий.
-Цагдан хорих ангид камер ажиллаж байх ёстой биздээ. Бичлэгийг нь олж авсан уу?
-Тухайн өдөр камер ажиллаагүй байсан гэх мэдээлэл байна. Гэхдээ би Баянголын Цагдаагийн хэлтэст хандан “Камер тухайн үед ажилласан юм бол бичлэгийг нь олж аваач” гэсэн хүсэлтийг гаргасан.
-Өөрийгөө шатаахыг оролдож гал авч камер руу орсон гэх юм. Хорих ангид гал хэрэглэж болох уу саатуулагдсан хүн?
-Бүх зүйлийг нь хураан авдаг шүү дээ. Гал биедээ авч орох ямар ч боломж байхгүй. Түүнийг хуулийн байгууллагынхан бүгд мэднэ. Бараг бүх нүх сүвийг нь шалгаж оруулдаг.
Ш.Батбаярын ээж
Миний хүү гэр бүлтэй хоёр хүүхэдтэй. Миний хүү амиа егүүтгэхийг оролдлого хийхгүй. Яагаад ташаа мэдээлэл гарч байгааг ойлгохгүй байна. Та бүхэн үнэн зөвөөр мэдээллээрэй.
Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Л.Тулга -Дуучин Бааварын биеийн байдал ямар байна вэ? - Нүүр, толгой, хүзүү, өвчүү, хэнхэлтэг, дал нуруу хэсэг, хоёр гар нь түлэгдсэн. Боолттой байна. Тайвшруулах тариа хийлгүүлсэн. Анх хүргэгдэж ирэхдээ нэлээд хөөрлийн байдалтай ирсэн. Одоо унтаж байна. Шээсний гаралт нь нэмэгдэх зэргээр эмчилгээнд эерээг нөлөөлдөг. Нэлээд гүнзгий түлэгдэлтэй. -Эмчилгээ эхэлсэн үү? -Эмчилгээ хангалттай хийж байгаа. Ерөнхийдөө биеийнх нь 35-40 хувийн түлэгдэлтэй. 461 дүгээр ангийн Хамгаалалт хяналтын албаны дэд дарга Д.Өлзийбат -Ш.Батбаярыг саатуулахдаа үзлэг хийсэн үү? - Үзлэг нэгжлэгийг зохих журмын дагуу хийсэн. Саатуулагдаж байсан Ш.Батбаярын өрөөнд галын нөхцөл байдал үүсэхэд минутын дотор хорих ангийн ажилтнууд амь насыг нь аврах ажиллагаа явуулсан. Манай саатуулах байранд хоригдсон цагаасаа Ш.Батбаярын сэтгэлзүйн байдал тогтворгүй байсан учраас тусгаарлах арга хэмжээг авсан юм. -Галын шалтгааныг тогтоосон уу? -Цахилгаанаас гал гарах боломжгүй гэсэн урьдчилсан шинжээчийн дүгнэлт гарсан. Эцсийн дүгнэлтийг галын байгууллага гаргана. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ