“Мөнгөн мод”-ын эзэд тодров

img

2008 оноос жил бүр уламжлал болон зохиогдож буй оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” наадмын шилдэгүүд өнөөдөр тодорлоо. Энэ жилийн мөнгөн “Мөнгөн мод”-ын эздийг “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Тайз дэлгэцийн шилдэг зураач” “Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин” “Шилдэг бүжигчин” “Шилдэг хөгжимчин” “Шилдэг дуучин”, “Шилдэг утга соёлын өвийг эзэмшигч” зэрэг номинациар шалгарууллаа.  “Мөнгөн мод”-ын эзнээр шалгарсан шилдэг уран бүтээлчдийг танилцуулж байна. -Тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар “Бурхан өршөө” киног найруулсан Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн, кино найруулагч Загдын Батболд, -Шилдэг бүжигчнээр “Алтан ураг” бүжгэн жүжгийн мэргэдийн хаан Дармалагийн дүрээр Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин Алтангэрэлийн Батхүү, -Шилдэг хөгжимчнөөр Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын 2 дугаар уралдаанд эвэр бүрээ хөгжмөөр тэргүүн байр эзэлсэн Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчин Орхонбаатарын Чинбат, -Шилдэг дуучнаар 2012 онд БНХАУ-д зохиогдсон дэлхийн дуурийн дуулаачдын XX уралдаанд оролцож нэгдүгээр байр эзэлсэн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Энхбатын Амартүвшин, -Тайз дэлгэцийн шилдэг зураачаар В.Шекспирын “Гамлет” жүжгийн зураачаар ажилласанУлсын драмын эрдмийн театрын ерөнхий зураач Түвдэндоржийн Ганхуяг, -Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчнээр В.Шекспирын “Гамлет” жүжгийн Гамлетын дүрийг бүтээсэн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ, - Соёлын өвийг өвлөн тээгчээр Монгол хувцас болон түүнийг урлах уламжлалт гар урлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол костюмс”-ын захирал Банзрагчийн Сувд тус тус шалгаруулж, “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгөөр шагналаа.

П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ