Завханы Засаг дарга төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халсан гэв үү
Засаг төр солигдонгуут төрийн алба тэр чигтээ өөрчлөгддөг социалист нийгмийн үеийн хоцрогдсон ажиллагаа өнөөдрийг хүртэл монголын төрд байсаар байна. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хүмүүс шашин шүтлэгээрээ гадуурхагдан ажил албанаасаа халагдан нийгэмдээ үзүүрлэгддэг байсан бол орон нутгийн сонгуульд МАН Завханд ялалт байгуулснаар тус намын гишүүн мөн бишээрээ ялгаварлагдан Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын 30 гаруй ажилтан хэдхэн сарын дотор ажлаасаа чөлөөлөгдсөн гэнэтийн захирамжууд хүлээн аваад байгаа ажээ.
Учир нь Завхан аймгийн шинэхэн Засаг ноён Ж.Жамъяантив, Засаг даргын тамгын газрын дарга Д.Түвшинжаргал нар үүрэгт ажлаа хүлээн авснаасаа хойш орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн, нутгийн иргэдийн амь амьжиргааг дэмжихийн оронд өдөрт хэн нь хэдэн хүнийг халах захирамж “үйлдвэрлэх” вэ, намынхаа хэдэн хүнийг ажилтай болгох вэ гэдгээр хоорондоо уралдаж байна гэж Завханчууд халаглаж сууна. Ж.Жамъяантивийн хувьд үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш “өмнөх Засаг даргатай гар нийлж ажилласан, АН-ын угшилтай “ гэдэг үндэслэлээр 20-иод хүнийг ажлаас нь чөлөөлөх буюу өөр албан тушаалд томилсон бол Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал мөн түүнээс дутуугүй тооны хүнийг “намын нөхөддөө ажлын байр гаргаж өгөх”-ийн тулд халж, чөлөөлсөн гэх мэдээллийг ирүүлж байна.
Завхан аймгийн засаг дарга Ж.Жамьянтив нь 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 284 тоот захирамжаа гарган Аймгийнхаа Засаг даргын Тамгын газрын дарга буюу төрийн албаны салбар зөвлөлийнхөө даргаар Д.Түвшинжаргалыгаа томилсон томилгоо нь Төрийн албаны тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн, хууль бус болсон байна.
Тодруулвал, Д.Түвшинжаргал төрийн албаны нөөцөд байгаагүй, сонгон шалгаруулалтад огт ороогүй бөгөөд төрийн албаны салбар зөвлөл нь энэ хүн төрийн албанд тэнцэх эсэх талаарх дүгнэлт гаргаагүй, мөн тус аймгийн Их-Уул сумаас Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгч, одоо хүртэл төлөөлөгчөөсөө чөлөөлөгдөөгүй хүн. Гэтэл Засаг дарга түүнийг шууд Тамгын газрын даргаар томилж, бүрэн эрх эдлүүлсэн байна.
Намуудын тэмцлийн дунд төрийн жирийн бөгөөд жинхэнэ албан хаагчид хэлмэгдэж, хуулиар хамгаалагдсан гэх баталгаа нь бодит байдалд иймэрхүү байдлаар хангагдаж байгааг Төрийн албаны зөвлөл эрх биш мэдэрч байдаг бол одоо энэ аймагт нүүрлээд байгаа хэлмэгдүүлэлтийн зудыг арилгах тал дээр анхаарах цаг болжээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ