Галдан шатаагчаас гадна нэг л хүн амьд үлджээ
Гэр бүлийн маргаанаас болж Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайлаастын гудамжинд амьдардаг, нэг гэрийнхнийг гэртэй нь галдсан олны сэтгэлийг сэртхийлгэм аймшигт хэрэг гараад 10-аад хонож байна.Тухайн үед шөнийн 04.00 цагийн орчим байсан ба эх сурвалжийн мэдээлж байгаагаар гал гарах үеэр 20-50 насны зургаан хүн гэртээ амарч байсан бөгөөд шөнө нь эхнэртэйгээ муудалцсан том хүргэн Наранбаатар уг хэргийг үйлджээ. Гэмт этгээд болон хохирогчид бүгд түлэгдсэн учраас эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байсан.
Түлэнхийн төвийн барилгыг шинэчлэхээр нураасан тул тус төв “Мөнгөн гүүр” эмнэлгийн хоёр, гуравдугаар давхарыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан хохирогчид үхэлтэй удаан тэмцэлдэж чадсангүй. Хамгийн сүүлд бидний авсан мэдээгээр өчигдөр ээж, гэмт этгээдийн гэргий хоёр нас барсан байна.
Одоо гэр бүлийнхнээс 28 настай том хүү нь үлджээ. Саппорогийн хойд талд байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгийн гуравдугаар давхарт Түлэнхийн төвийн эрчимт эмчилгээний тасагт эрчимжүүлсэн эмчилгээнд байна. Эмч нар их хичээж, цурам ч хийхгүй зүтгэж байгаа гэж хохирогчдын садан төрлийн хүмүүс хэллээ. Гэмт хэрэгтэнтэй ярих битгий хэл сонсохыг ч хүсэхгүй байгаа гэдгээ ч тэд хэлсэн юм.
Талийгаачдын хамаатан садангууд жам ёсоор талийгаачдынхаа ажил явдалд нь бэлдэж нутаглуулах газрыг сонгох гээд завгүй явж байгаагаа хэллээ. Гэмт этгээд одоо цагдаагийнхны хяналтад “Мөнгөн гүүр” эмнэлэгт 40 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байгаа. Балмад эцгийнхээ хийсэн үйл лайгаар ээжээсээ төдийгүй өвөө эмээгээсээ өнчирч хоцорсон хоёр нялх үр нь одоогоор гэр галдан шатаасан залуугийн аав ээжийнд байгаа юм. Нэг гэр бүлийн 7 хүн шатсан онц ноцтой хэрэг гарч өвчтнүүдийн биеийн байдал хүнд байгаатай холбогдуулан ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат ГССҮТ дээр ажиллаад ирлээ. Одоогийн байдлаар ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 7 хүний 5 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна.
Тэдгээр өвчтнүүд 60-95 хувийн түлэгдэлттэй, маш хүнд, гүн шокны хордлоготой байжээ. Эмнэлгийн эмч, ажилтнуудын зүгээс шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч ажилласан байна. Одоогоор үлдсэн 2 өвчтөнд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
Эх сурвалж: www.aravt.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ