С.Чинзориг: Хоёр нам тохиролцсон гэдгийг хэлэх л байсан
Өвөрхангай аймагт 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч С.Чинзориг сонгогчдын саналаар тэргүүлсэн ч Сонгуулийн тухай хуулийн шинээр оруулсан заалтыг зөрчиж, насанд хүрээгүй хүүхэд сурталчилгааны ажилдаа ашигласан хэмээн тойргийнх нь Сонгуулийн хороо нь үзсэн гэдэг. Түүнтэй холбоотой маргааныг шүүх эцэслэн тогтоож, тус тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Зоригтыг өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүнээр батламжилсан. Харин сонгогчын саналаар С. Чинзориг тэргүүлсэн ч хоёр намын тохиролцооны золиос болон УИХ-ын гадна үлдчихлээ, сонгогчдын саналыг хөсөрдүүлж орхилоо хэмээн өнөөдөр сэтгүүлчдэд хандсан юм.
Тэрбээр хэлэхдээ “Сонгууль дууссаны дараагаар Өвөрхангайн тойрог дээр би нэр дэвшигчдийн 48 хувийн санал буюу дийлэнх саналыг авсан. Тиймээс миний УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгох тушаал долдугаар сарын 1-нд гарсан. Гэтэл маргааш нь Г.Батхүү, Д.Зоригт нар намайг насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаандаа ажиллуулсан гэж шүүхэд өгсөн. Иргэдийн зүгээс ирсэн хэргийг хянан хэлэлцэх эсэх нь долоо хоногийн дараа гардаг. Гэтэл шүүх үнэхээр шуурхай ажиллаж маргааш нь гэхэд шүүхийн шийвдэр гаргасан байсан. Ингэхдээ гуравдагч этгээд буюу Төмөрхүү бид хоёрын хэнийг ч байлцуулаагүй. Бас давж заалдах эрхгүй гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс дараа дараагийн шатны шүүхэд хандах гэхээр давж заалдах эрхгүй гээд болохгүй байна. Сэлэнгэ Булган гэх тэр хоёр хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцож болохгүй гэсэн тушаал ирсэн. Тиймээс сонгуулийн багт ажиллаж байгаа хүмүүсийн дунд тэр хүүхдүүдийн нэр ч байгаагүй. Гэтэл МАН-ийн нэр дэвшигч Чинзориг Төмөрхүү нарын аль нэг нь сурталчилгаандаа оролцуулсан эсэх талаар ямар ч шалгалт хийгээгүй.
Би үнэхээр энэ хоёр хүүхэд оролцсон уу гэдгийг шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл шүүхээр шийдэхгүй гэж мэдэгдсэн. Ирсэн гомдлыг нь шүүхээр яаралтай шийддэг мөртлөө баримтыг нь шийддэггүй, шалгадаггүй юм байна лээ. Уг нь Өвөрхангайн иргэд тэднийг солихыг хүссэн. Гэтэл тэд нар нь ширээ сандалтайгаа зууралдаад үлдэж чаддаг юм байна. Мөнгөөр бүхнийг шийдэж, шүүх засаглалыг ч худалдаад авчихаж.
Түүнчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд МАН, АН хоёр хоорондоо тохиролцсон. Тэгээд хоёр мандатаа нэг нэгээр нь авахаар болсон. Г.Батхүүг дуудаад Төмөрхүү болон миний эсрэг гаргасан өргөдлөө буцааж ав. Тэгээд Төмөрхүү суудлаасаа татгалзаад Батхүүг тангараг өргүүлэхээр тохиролцсон юм. Тангараг өргөхийх нь өмнө чи гарын үсгээ зурж өг гэхэд “УИХ-ын гишүүн болоогүй байж хамаагүй аашлах нь муухай байна. Угаасаа хоёр намын дарга хоорондоо тохиролцсон юм чинь баттай” гэж хэлсэн. Гэтэл тангараг өргөснийхөө дараа элдэв шалтгаан тоочоод цаашаа хараад суучихсан. Ийм үйлдэл гаргаж байгаа өөрөөсөө ичээсэй гэж бодох юм.
Манай нам тохиролцоонд хүрчихээд суудлаа алдсанд харамсаж байна.
Анхнаасаа манай нам муу ажилласан. Засгийн эрхийг олон жил барьсан туршлагатай намын хувьд гурван суудлаа АН-ынханд алдахгүй байх боломж байсан. Гэтэл Д.Арвинг мэдсээр байж тангаргыг нь өргүүлсэн. Анхнаасаа намынхаа бүлгийг байгуулахгүй гэдийж сууж байгаад АН-ын үгээр хөдөлдөг тоглогч болж хувирсан. Сая ч гэсэн Д.Сумъабазарын тангаргыг хурдан өргүүлэх гэж яарах хэрэг байгаагүй.
Би ингээд зүгээр хохироод үлдэхгүй. Үндсэн хуулийн цэцэд хандана, Ерөнхийлөгчид захидал бичнэ. Хамгийн гол нь намайг, шудрага үнэнийг сонгосон Өвөрхангайн сонгогчдын итгэлийг алдаж болохгүй гэж бодож байна. Хэрвээ энэ мэтээр шүүх засаглалыг мөнгөөр худалдаад авч болдог юм бол намайг Монгол улсын иргэн байх эрхээс минь хас гэж хэлэхийг хүсч байна.
Би хэрвээ УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн байсан бол хэзээ нэгэн цагт хоёр нам тохиролцсон гэдгээ хэлэх л байсан. Учир нь би хэзээ ч ард түмэндээ худлаа хэлж байгаагүй” гэлээ.

П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ