
Монгол Улсаас ОХУ-ад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайхан тамхины хэргээр саатуулагдсан гэх эх сурвалжийн мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Эл мэдээллийг өнөөдөр ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуягаас нэмж тодрууллаа.
-Польш улсад манай дипломат ажилтан А.Батсайхан баривчлагдсан гэсэн мэдээлэл манай сайтад ирсэн. Энэ тухай албан ёсны мэдээллийг өгөөч?
-Монгол Улсаас ОХУ-ад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайхан ээлжийн амралтаараа Польш улсад амарч явахдаа тус улсын цагдаагийн газарт саатуулагдсан байна. Чухам ямар үндэслэлээр түүнийг саатуулсан талаар тодорхой мэдээлэл ирээгүй. Манай ГХЯ-ны зүгээс уг асуудлыг тодруулахаар албан тоот илгээсэн. Тун удахгүй хариу ирэх байх. Бидэнд байгаа эхний мэдээллээр А.Батсайхан Польш улсын хилээр нэвтрэхдээ хууль бус бараа бүтээгдэхүүн биедээ авч яваагүй гэсэн албан ёны мэдээлэл тус улсын хууль сахиулах албанаас ирсэн л дээ.
-Хэзээ саатуулагдсан бэ, өмнө нь Польш улсад суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байсан гэж үнэн үү?
- Одоогоос гурав хоногийн өмнө саатуулагдан юм шиг байна лээ. А.Батсайханы дипломат ямба эрх нь зөвхөн ОХУ-ын нутаг дэвсгэрт үйлчилнэ. Тиймээс Польш улсад саатуулагдахад Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн даргын дипломат эрх нь хамаарахгүй. Өмнө нь буюу 2003-2007 онд Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайдын яаманд түр хамаарагчаар томилогдон ажиллаж байсан юм. Харин манай улсаас ОХУ-ад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн даргын албан тушаалд өнгөрсөн жил томилогдсон. Гадаад харилцааны сестимд олон жил ажилласан хүн.
-Монголд А.Батсайхан ямар албан тушаал хашиж байсан юм бэ?
Төрийн ордны ёслолын зөвлөлд ажиллаж байгаад ОХУ-руу томилогдсон. Хувь хүнтэй холбоотой мэдээллийг бид өгөх боломжгүй.
-Ээлжийн амралттай байсан гэж үнэн үү. Ажлаа хийж байсан юм биш үү. А.Батсайханыг саатуулагдсан гэхээр хариуцлагаас хөнгөн маягаар мултрах гэсэн оролдлого хийж байна уу гэж хардахад хүргээд байна л даа?
-ОХУ-ад суугаа манай Элчин сайдын яамнаас А.Батсайханыг ээлжийн амралтыг авахуулах тухай хүсэлт тавьсан албан бичгээ Төрийн захиргаа удирдлагын газарт явуулсны дагуу амралтаа авсан юм байна.
-Манай дипломат ажилтнууд хууль бусаар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон баримтууд цөөнгүй бий. Тэгэхээр А.Батсайханыг ч мөн тамхины хэргээр саатуулагдсан гэх эх сурвалжийн мэдээлэл ирсэн.Үнэхээр саатуулагдсан шалтгаан нь тамхитай холбоогүй юу?
- А.Батсайхан тамхины хэргээр саатуулагдаагүй. Өмнө нь дипломат ажилтнууд тамхи зөөвөрлөсөн хэрэг гарч байсан нь үнэн. Харин сүүлийн гурван жилд тамхи зөөвөрлөдөг хууль бус ажиллагаанд манай дипломат ажилтнууд холбогддог байдлыг таслан зогсоосон. Хариуцлагыг ч чангатгасан гэж ойлгож болно.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ