Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхтэй боллоо
УИХ-ын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн байгуулах бөгөөд шүүгчийг сонгон шалгаруулах болон зохион байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сарын 1-ний дотор багтаан хийж гүйцэтгэх аж.
Энэ шийдвэр гарахаас өмнө захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн чиг үүргийг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид хамтад нь хэрэгжүүлж байсан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулсан нь шүүхэд эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд томоохон алхам боллоо.
Тус шүүхийг байгуулж, ажиллуулснаар захиргааны хэргийг дагнасан шүүхийн мэргэшсэн шүүгчид хянан шийдвэрлэх боломжтой болж, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн давхардал арилж, тухайн шүүхүүд шат шатандаа шүүх эрх мэдлийг бие даан хэрэгжүүлэх боломжтой болох ажээ.
Судалгааны дүнгээс үзэхэд захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нийт хэргийн 60 орчим хувийнх нь шийдвэр иргэдийн талд гарсан байдаг бөгөөд уг шүүхийн ачаалал жил ирэх тусам нэмэгдэж, 2010 онд Захиргааны хэргийн танхимын 6 шүүгч давж заалдах болон хяналтын шатаар 1000 хэргийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ