Тодорхой баримтгүй хардаж нэр хүндийг гутаахаас урьдчилан сэргийлнэ гэв

img

Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэн тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Чуулганаар хэлэлцлээ.

Хуулийн төслийг Нийтийн албан тушаалтны хувийн сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн сонирхолд нийцүүлэх нөхцлийг баталгаажуулж төрийн албаны ил тод байдлыг хангах, хувийн сонирхлын дагуу албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж болзошгүй тохиолдолд үйл ажиллагааг хянаж, хязгаарлах зохион байгуулалт, удирдлагын эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор боловсруулжээ. Хууль батлагдан гарснаар одоогоор зохицуулалт, хяналтгүй хэрэгжиж буй нийтийн албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хориглох, хязгаарлах, зохицуулах эрх зүйн үндэс бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Улмаар, нэг талаас нийтийн албан тушаалтныг тодорхой баримтгүй хардаж нийтийн албаны нэр хүндийг гутаах, нөгөө талаар нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн сонирхолдоо урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох замаар авлигад холбогдохгүй байх урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна. Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг гишүүдийн олонхи дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ