Хүнд суртал, авлигыг бий болгодог тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхгүй байхад анхаарна

img

Чуулганы  хуралдаанаар өчигдөр  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг  хэлэлцсэн юм.

Аж ахуйн үйл ажиллагаанд хүндрэл, бэрхшээл учруулж байгаа, цаашид хүчингүй болговол зохих тусгай зөвшөөрлүүдийг холбогдох хуулийн зохицуулалтаас нь хасах, хүчингүй болгох шаардлагатайг үндэслэн Засгийн газар  хуулийн төслүүдийг боловсруулсан бөгөөд эдгээр хуулиудыг баталснаар аж ахуй эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд нь өөрсдийн бизнесээ хүнд суртал, дарамт шахалтгүйгээр, чөлөөтэй, үр ашигтай эрхлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзжээ.

Тусгай зөвшөөрлийн цаана хүнд суртал, авилгал бий болох механизм бий. Өмнө нь УИХ, Засгийн газар тусгай зөвшөөрлийг багасгах асуудлыг хоёр ч удаа ярьж шийдвэр гаргаж байсан. Гэсэн ч дахиад л энэ зөвшөөрлүүд гараад ирдэг. Иймд хэлэлцүүлгийн явцад одоогийн мөрдөж байгаа хуулиудад туссан тусгай зөвшөөрлүүдийг бүхэлд нь хамруулж дахин нарийвчлан нягталж үзэх, төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн саналыг авч тусгах хэрэгтэй гэсэн саналыг гишүүд хэлж байлаа.  Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа 300 гаруй тусгай зөвшөөрлөөс 100 гаруйг нь хүчингүй болгохоор оруулж ирж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэсэн ч цаашид энэ ажиллагааг үргэлжлүүлэн дахин шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхад анхаарах нь чухал гэж  байв. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг гишүүдийн олонхи нь дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ