ШУТИС-д багшилдаг залуу ээжийгээ хөнөөсөн байж болзошгүй
Нийслэлийн Баянгол дүүргийн I хорооны 49 дүгээр байранд ээж, хүү хоёр гэртээ гаднын нөлөөтэй амиа алдсан хэрэг энэ сарын 14-ний шөнө гарчээ. Тухайн үед буюу энэ сарын 14-ний шөнө “Хүн гэртээ хорлогдсон байна” гэсэн дуудлага 20.40 цагийн үед цагдаагийн байгууллагад иргэдээс иржээ.
Энэ дагуу Нийслэлийн уагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс томилогдсон Ажлын хэсэг шөнөжин ажиллаж хэргийн газарт үзлэг хийж, хөршүүдээс нь тайлбар авсан байна.
Цагдаагийнхныг хэргийн газрын үзлэг хийхэд өндөр настай Б цээж хэвлийн тус газраа хутганы 10 гаруй, хоолойдоо нэг шархтай амиа алдсан байжээ. Харин талийгаачийн хүү нь хэвлийдээ болон хоолойдоо хутганы тус бүр нэг шархтай байсан аж.
Тэнд зодолдож ноцолдсон гэх ямар нэгэн шинж тэмдэггүй, гэрийнх нь эд хогшил бүрэн бүтэн байжээ. Уг хэрэг 1-2 хоногийн өмнө гарсан бололтой, талийгаачдын цус хатчихсан байсан аж.
Хэрэг гарсан байранд 79 настай, эмэгтэй Б өргөмөл хүү 39 настай Г-ын хамт амьдардаг байсан хэмээн хөршүүд нь ярьж буй.
Энэ талаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаас лавлахад “I хорооны 49 дүгээр байранд хоёр хүний амь нас хохирсон хэрэг гарсан нь үнэн. Манайхан хэргийн газрын үзлэг хийсэн. Гэхдээ хоёр хүний амь нас хохирсон хэрэг болохоор харьяаллын дагуу УМБГ-ын Хүн амины хэрэг мөрдөх хэлтэст шилжүүллээ. Тиймээс энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.
Эх сурвалжийн хэлж байгаагаар “Талийгаач Г ээжийнхээ амийг бүрэлгэсэн бололтой. Улмаар өөрийнхөө хэвлийг зүсэж, эцэст нь хоолойгоо хэрчсэн байх гэсэн таамаг дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна.
Мөрдөн байцаалтын дүнд хоёр хүний амь нас чухам юунаас болж хохирсон, гаднын нөлөөтэй байсан эсэх нь тодорхой болох бөгөөд талийгаач Г нь ШУТИС-д багшилдаг, хааяа сэтгэц нь өөрчлөгддөг нэгэн гэдгийг цагдаагийнхан тогтоосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ