
2007 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүний нөөцийн албанд О.Пүрэвсүрэн эмэгтэй ажилд орсон байна. Тэрээр 31 настай, дэд ахлагч цолтой байсан бөгөөд иргэдийг гадаадад гаргана гэх мэт залилангийн гэмт хэрэгт холбогдон ажлаасаа халагджээ. Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба түүнийг залилан, хулгайн хэрэгт давхар шалгаж байсан байна.
Тэрээр Улсын прокурорын мөрдөн байцаах албанд шалгагдаж байх хугацаандаа О.Саруул гэдэг хүний бичиг баримтыг ашиглан удаа дараа гадаад улс руу зорчжээ. 2008-2009 оны хооронд бусдын бичиг баримтаар нийт гурван удаа гадаадад зорчсон аж. Үүнээс үүдэн түүнийг ТЕГ-ын Мөрдөн байцаах алба шалгаж эхлээд байсан гэнэ. Улсын Ерөнхий прокурорын алба хил нэвтрэхийг хориглосон тогтоолоо Хил хамгаалах байгууллагад хүргүүлж амжаагүй байсан учраас сэжигтэн эмэгтэй хил гарч амжсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ