Б.Хурцын шүүх хуралд эхнэр нь оролцоно
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг баривчилсан асуудлыг хянан шийдвэрлэх анхан шатны ээлжит шүүх хурал 2011 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл хойшлогдсон. Тэгвэл товлогдсон өдөр 2 хоногийн дараа болох гэж байна.
Өнгөрөгч 2010 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Court of Magistrate of Westminster” шүүх хурлын танхимд болсон хурлаас дээрх шийдийг гаргаж байсан билээ.
Түүний өмгөөлөгч Алан Жонс Б.Хурцыг Германы талд шилжүүлэн өгөхгүй байх олон улсын эрх зүйн тодорхой үндэслэлээр тайлбар гаргасан учраас хурал даргалагч шүүгч тэдгээр үндэслэлийг нарийвчлан авч үзэх нь зүйтэй хэмээн үзсэн тул шүүх хурлыг ийн хойшлуулсан байгаа.
Хоёр өдрийн дараа болох шүүх хуралд Б.Хурцын гэр бүлийн хүн нь оролцох юм. Манай талаас Б.Хурцыг батлан даалтад авах хүсэлтээ хэд хэдэн удаа илэрхийлсэн ч, одоогоор батлан даалтад гаргалаа гэсэн мэдээлэл байхгүй.
Харин ирэх долоо хоногийн лхагва гаригт болох шүүх хуралд Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ц.Болор, Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны Зөвлөх, консул Н.Батаа нар оролцох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ