
Оросын Батлан хамгаалах яам өнгөрсөн долоо хоногт бүх анги нэгтгэлдээ гэнэтийн шалгалт хийж, байлдааны бэлэн байдлын үзлэг хийсэн нь дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татав. Наад зах нь Оросууд 2000 оноос хойш ийм далайцтай бүх салбарыг хамарсан байлдааны бэлэн байдлын шалгалт хаана ч хийгээгүй юм. Салбарын сайд Сергей Шойгу өнгөрсөн пүрэв гаригт ерөнхийлөгч В.Путинд гэнэтийн шалгалтын тухай тайлан, дүгнэлтээ тавьсан байна.
Сайд төмөр замын анги нэгтгэлийн нүүлгэн шилжүүлэх хурдыг магтан сайшааж хоногт 1000 км зам туулж байсан. Мөн нисэх, усан цэргийн салбарыг ч муугүй байсан хэмээн магтжээ. Харин буудлагын хувьд тааруухан байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр энэхүү шалгалттай холбоотойгоор зарим хүмүүсийг одон медальд шагнуулах хүсэлтээ ч өргөн барьжээ.
Шойгу энэхүү армийн бүх салбарыг хамарсан гэнэтийн шалгалтыг ойрын үед дахин хийнэ гэдгээ мэдэгджээ. Оросуудын армийн бэлэн байдлын үзлэг олон улсын ажиглагчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд оросууд-байлдааны үзлэгээ зүгээр л нэг хийчих улс биш гэдэгтэй бүгд санал нийлж байлаа.
Ингээд салбарын сайдын ярилцлагыг хүргэе. Сайдын албан тушаалд 12 дахь жилдээ ажиллаж байгаа эрхэм Шойгу. Олон төр солигдож, он цаг өөрчлөгдсөн ч тува гаралтай энэ эр л суудалдаа хадаастай мэт байдаг болохоор түүнээс энэ тухай нь асуухад “Зүгээр л их ажилладаг. Өөрийнхөө ажлыг л хийдэг” гэж хариулдаг юм. Тэрбээр ОХУ-ын Онцгой байдлын яамны сайдаар Борис Ельцины үеэс эхлэн тасралтгүй ажиллаж байгаад өнгөрсөн жил Батлан хамгаалах сайд болсон юм. 1944 онд Тува ЗХУ-д нэгдэхэд хүн амын тооллого хийж паспорт олгож эхэлжээ. Түүний овог Кужугет боловч тухайн үеийн хүмүүсийн алдаагаар нэрээрээ овоглох болсон түүхтэй.Хүйтэн зэвсэг цуглуулдаг. Орон орны кинжал, сэлэм зэрэг гэрийнх нь хананд багтах аргагүй олон “зэвсэгтэй”. Хөлбөмбөг тоглох дуртай. Билльярдаар хэнийг ч урдаа оруулдаггүй. Оросоос өөр ямар ч орон сайхан санагддаггүй гэж шулуухан хэлдэг. Сергей Шойгу маханд дуртай ч шошликт дургүй.
Сергей Кужугетович Шойгу 1955 оны тавдугаар сарын 21-нд төрсөн. 1977 онд Красноярскийн политехникийн дээд сургууль төгссөн. Барилгын инженер мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны дэд доктор. 2012 оны 11 дүгээр сарын 6-нд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон. ОХУ-ын баатар цолтой. Тэрбээр өнөөдөр хүртэл захиалагчийнхаа тоогоор бахархдаг “КП” сонинд ярилцлага өгсөн байна.
-Таны сайд болсноос хойш гаргасан хамгийн чухал шийдвэр юу бол?
-Улс орныг хамгаалах салбарт хоёрдугаарт тавих асуудал байхгүй. Шалихгүй мэт харагдах ямар ч шийдвэр улс орны батлан хамгаалах чадварыг бэхжүүлэхэд зориулагдсан байдаг. Тиймээс асуудлыг цогцоор нь харах, шийдвэрлэх шаардлагатай. Тэгж ч аливаад ханддаг. Бид удирдлагыг эрч хүчтэй болгох систем боловсруулж байгаа. Удирдлагын түвшин бүрт эрх, үүрэг нь ойлгомжтой, тодорхой байх ёстой. Энгийн цэргээс эхлээд сайд хүртэл. Боловсон хүчнийг бэлтгэх системийг эргэн харж байна.
-Батлан хамгаалах яаманд өмнө нь явуулсан шинэчлэлийн үр дүнг дүгнэх ажиллагаа эхэлж байгаа шиг санагдах юм?
-Цэргийн шинэчлэлийн
гол бодлогыг манай улсын удирдлага баталсан байгаа.
Бидний зорилго эрчимтэйгээр гүйцэтгэхэд оршино. Бид ямар нэг тусдаа үүрэг даалгавар биелүүлдэггүй. Бид Оросын батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлдэг.
-Армид алба хаахыг хүсдэг ч янз бүрийн шалтгаанаар халагдсан хүмүүсийг эргүүлж ажилд нь авах уу?
-Эхний ээлжинд тодорхой бодлогын хүрээнд хийгдэх ажилд ажлын туршлага бусад зүйлийг харан эргүүлж авна. Туршлагатай, авьяаслаг офицер эргэн ирж байгаа. Цолгүй байсан ч хаана ч хамаагүй алба хаах хүсэлтэй офицерууд бурхны авралаар байна. Саяхан шударга бусаар халагдсан генералыг ажилд авсан. Түүний араас өндөр мэргэшсэн офицерууд ар араасаа ирнэ гэж бодож байна.
-Ганцхан хоногийн хугацаанд тантай ярилцах сургаар 60 гаруй өргөдөл редакцид ирсэн?
-Бүгдийг нь зохих газарт нь өгчих. Бид шалгаж үзнэ. Гэхдээ бүгдийг эргүүлж ажилд авна гэсэн үг биш.
-Армийн хувцсыг шинэчлэх ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Шинэ формыг баталсан. Манай орны цаг агаарт тохирсон хээрийн хувцас болсон гэж бодож байна. Бүх нөхцөл байдалд туршиж үзсэн. Энэ оноос эхлэн гурван үе шаттайгаар “хувцаслана”.
-Шойгу армийн “баня”-г өөрчилсөн гэсэн яриа хэдийнэ гарсан байсан?
-“Би” гэсэн үгэнд цэг тавибал ямар байна. Армийн хувьд баня гэдэг юу вэ. Бараг л фронттой адилхан. Хэдэн зуун автобус, цагаан хэрэглэл, бохир хэрэглэл зөөх машин мөн эдгээр техникүүдийн түлшийг тооцвол. Цэргийн дарга нарын хувьд ч илүү нерв. Хот даяараа өнөөдөр усанд орох газар ажиллаж байгаа, эсвэл үгүй гээд. Өөр ч олон асуудал араасаа дагуулдаг.
Шинэ зуунд ийм асуудал байж болох уу.Зүгээр л дарга нараа энэнээс өөрөөр байж болохгүй гээд итгүүлчихсэн хэрэг. Тэгэхээр цэргийн ангийг дүүштэй байлгахаар яригдаж байгаа. Цэргүүд хүссэн үедээ усанд орж л байг. Цэвэрлэгээний системд ч гэсэн өөрчлөлт хийнэ. Хэдийгээр цэвэрлэгээнд хүмүүжлийн агуулга байдаг ч армид алба хааж байгаа хүний нөхцөл тав тухтай байх ёстой.
-Армийн хүмүүжлийн бүтэц ямар байх бол?
-Армийг хүмүүжүүлэгч офицергүйгээр төсөөлшгүй. Гэхдээ хүмүүжүүлэгчийг бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ Зөвлөлтийн үеийнх шиг биш. Энэ хүн бол мэргэжлийнх байх ёстой. Тэр офицер цэрэг яаж амьдарч, яаж алба хааж байгааг мэдэх ёстой. Цэрэг хүний сэтгэлийг мэддэг байх ёстой.
-Хүмүүжүүлэгч офицер бэлтгэх сургалтыг сэргээх юм байна?
-Бид аль нэг иргэний дээд сургуулийн дэргэд ч юм уу, академийн дэргэд энэ сургалтыг хийнэ.
-Та саяхан Батлан хамгаалах яамны дэргэд Олон нийтийн зөвлөл байгуулах санал гаргасан. Энэ тухайгаа ярина уу?
-Үнэхээр чанартай, зохион байгуулалттай Олон нийтийн зөвлөлийг байгуулах бодолтой байгаа. Ойрын үед зөвлөл байгуулж тэд даргыгаа сонгох ёстой. Энэ зөвлөл нийгмийн армид итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд туслах ёстой.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ