АТГ-ын дарга Н.Ганболд АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
2011-11-24

Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч, хатагтай Мелони К.Линдбергийг өнөөдөр хүлээн авч уулзав. АНУ-ын Азийн сан нь 1954 онд байгуулагдсан, Сан Франциско хотод төвтэй, илүү нээлттэй нийгмийг хөгжүүлэх зорилгоор Ази, Номхон далайн бүс нутгийн 18 улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. Монгол Улсад 1993 оноос ажиллаж эхэлсэн тус байгууллагын олон чиглэлийн үйл ажиллагааны нэг нь “Авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх” төсөл байв. Уулзалтын үеэр АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч, хатагтай Мелони К.Линдберг хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс тодорхой үр дүнд хүрсэн хэд хэдэн ажлыг онцолж ярилаа. Тухайлбал, АНУ-ын Азийн сан нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газрыг байгуулагдсан цагаас авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах буюу соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан. “2008 оноос хойш жил бүр “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт” сэдэвт семинарыг Авлигатай тэмцэх газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулж, Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил жилээс жилд улам өргөжин, хүрээгээ тэлж байгааг хэлэхэд таатай байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын бүх төрийн байгууллага Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, тайлагнаж, өөрийн үнэлгээний системийг нэвтрүүлж, нэгэн төрлийн цогц үйл ажиллагаа болж чадсан бөгөөд авлигатай тэмцэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, ялангуяа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Төрийн албанд сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн төслийг боловсруулах зэрэг чиглэлээр бусад улс орны сайн туршлагыг нэвтрүүлэх, мөрдөн байцаагчдыг сургах, чадавхжуулах зорилгоор олон улсын зөвлөхийг Монгол Улсад урьж ажиллуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, иргэд, байгууллагатай харилцах утас ажиллуулах, тус газрыг техник, тоног төхөөрөмжөөр хангах ажилд санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа” хэмээн АНУ-ын Азийн сангийн  суурин төлөөлөгч, хатагтай Мелони К.Линдберг хэлэв. Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд Монгол Улсад шинэ тутам байгуулагдсан авлигатай тэмцэх байгууллагатай анхнаас нь хамт явж, нийгэм рүү чиглэсэн олон талт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад нь туслалцаа, дэмжлэг үзүүлсэн АНУ-ын Азийн санд талархлаа илэрхийлээд “Авлига, албан тушаалын гэмт хэргийг үйлдсэнийх нь дараа биш үйлдэхээс нь өмнө ажиллах нь бидний гол чиг үүрэг. Цаашид Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг чадавхжуулах, олон улсын туршлагад тулгуурлан хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох зэргээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжтой”-г онцлон тэмдэглэв. “Авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд дараагийн шатанд “Авлигатай тэмцэж, сайн засаглалыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж буй, Авлигатай тэмцэх үндэсний стратегийг батлан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа талаар хатагтай Мелони К.Линдберг мэдээлэв. Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд “Улс орны эдийн засгийн хөгжлийг богино хугацаанд өндөр түвшинд хүргэх ирээдүй харагдаж байна. Баялаг дээр түшиглэсэн хөгжлийн дүр зураг байгаа. Тиймээс энэ салбарт гарч болох авлигын эрсдлийг тодорхойлох, авлига үүсгэх шалтгаан, нөхцөлийг арилгах, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх аливаа оролдлогыг таслан зогсоох зэрэг шинэ шатны ажил үүрэг бидэнд гарч ирж байна. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой”-г илэрхийллээ. Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболдод АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч, хатагтай Мелони К.Линдберг өөрийг нь хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд авлигатай тэмцэх үйлсэд нь ажлын амжилт хүсэв.
Shuud.mn
Сонин хачин