Засгийн газраас хариуцлага нэхье
2013-10-18

Энэ оны төсөв 1,5 их наядаараа дутаж, Засгийн газар орлого, зарлагаа тэнцүүлэхийн тулд төсөвт тодотгол хийж, УИХ-аар хэлэлцүүлж байна. Төсвийн тодотголоор орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд хасагдаж, зарим нь ирэх ондоо шилжсэн нь тойрогтой гишүүдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэв.  Ингээд Төсвийн тодотголын тухай хуульд  гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

 _.

Хулгайлсан төсвөө хууль болгуулах гэдгээ боль

.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-76 ширээн дээр төсвийн тодотголын жагсаалт ирүүлнэ гэж байна. 77 дахь нь Авилгатай тэмцэх газрын дарга дээр очих болов уу. Авлигажсан төсөв гэдэг чинь өөрөө гэмт хэрэг учраас шалгалт хийвэл ямар вэ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй учраас ажлын хэсэг гаргая. Үнэлгээ, магадлагаа хийнэ гээд цаг их авна. Байнгын хорооны дарга нарыг солъё гэдэг санал гаргаж байна. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг   нэн даруй солих шаардлагатай. Төрийн тусгай хамгаалалтын эмнэлгийн асуудлаар 26 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаас  илүү саналаа оруулсан. Гэтэл өнөөг хүртэл байнгын хороон дээрээ гацаад, ямар нэг шийдвэр гаргаагүй. Хугацаа алдсанаас энэ эмнэлгийн барилгыг нураах зэрэг асуудал гарч байна. Том толгойтой Засгийн газартай нэг жилийн нүүр үзлээ. Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийг Батлан хамгаалах яамтай нийлүүлэхдээ төсөвтэй нь хамтатга гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн талаар үүрэг өгөөд эргэж шалгахад ямар ч асуудлыг шийдээгүй байна. Алтыг нь ухуулъя, эдийн засагт хэрэгтэй гээд явж байгаа юм. УИХ дээр бид хэлэлцээд тогтоол гаргадаг. Гэтэл ард нь сайд дарга нар дур дураараа асуудлыг шийдээд байна. Засгийн газартаа хяналт тавьж ажилламаар байна. УИХ чиглэл, үүрэг өгсөн ажлуудынхаа тайланг Засгийн газраас авмаар байгаа юм. Засаглалын дээд хэлбэр юм бол УИХ баталсан хуулиар хэрэгжүүлэхийг шаардана. Хулгайлсан төсвөө хууль болгуулах гээд оруулж ирдгээ болих хэрэгтэй.

 .

Ярих, хийх хоёр нь өөр байж болохгүй

.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Бидний сөргөлддөг, хуваагддаг, хагаралддаг байдал газар авлаа.  Засгийн газар нь УИХ-аа, хувийн хэвшлээ, Монгол банкаа, сөрөг хүчин нь эрх баригчаа буруутгана. Энэ байдлаар асуудалд хандаад байна. Асуудалд бодитой хандмаар байна. 2014 оны төсөв дээр хувийн хэвшлийнхэн буруу төсөвлөдөг юм байсныг бид илрүүллээ гээд яриад байна. Гэтэл илрүүлсэн зүйлээ засч, залруулж оруулж ирж үү гэвэл үгүй. Ирэх оны төсөв дээр анхны өртөг нь 390 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй объектуудыг бараг хоёр дахин буюу 300 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд 740 тэрбум төгрөг болгоод оруулаад иржээ.  Үүний 34 тэрбум төгрөг нь авлигын асуудал явж байна. Иймэрхүү ярих нь нэг өөр, хийх нь бас нэг өөр байж болохгүй. Үнэндээ Засгийн газар өөрсдөө хүндрэлийг бий болгож байна.  Үнийг барьж чаддаггүй, хувийн хэвшлээ буруутгадаг, төсвийг батлахдаа өртгийг нь хэд дахин өсгөж тавьдаг.  Компаниуддаа ялгавартай ханддаг. Ийм байдлаар ажил цаашаа явахгүй байна.  Ховд аймагт 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.  Хийсэн нь үнэн. Холын, хоцрогдсон хөгжилтэй гээд Увс, Завхан, Говь-Алтай аймаг ядуу байх ёстой юм уу. Монгол Улсаа жигд хөгжүүлэх бодлогын хүрээнд хоцрогдсон хөгжилтэй бүс нутагтаа хөрөнгө оруулалтыг жигд хийж байх хэрэгтэй. Олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн, Хятад, Оросыг холбосон автозам тавьж байгаа. Ховдод тавигдсан зам цаашлаад Баян-Өлгий, Увс аймгийг холбож байгаа. Ховд аймагт Дулааны цахилгаан станц барих шаардлага байсан уу үгүй юу. 16  тэрбум төгрөг төсөвлөөд хэдэн жил дамналаа. Үнэхээр үр дүнгүй байгаа бол Сономпил сайдаа огцруулж, хариуцлага тооц.

 .

Алдаагаа зас гэж гуйя

.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Манай нам олонхи байхдаа түрүү бариад хийсэн алдаатай ажил байгааг хүлээн зөвшөөрнө. Тэгвэл одоо тэр алдааг битгий давтаач ээ. Ямар нэг явцуу эрх ашигт дөрлүүлчихсэн төрийн албатай болчихсон байна. Боловсон хүчний бодлого дээрээ маш том алдаа хийсэн, засаглалын хямралд оржээ. Суманд эрх мэдэл алга. Цэцэрлэгийн эрхлэгчийг томилж чадахаа больсон. Бүхнийг дээрээс шийднэ. Энэ бүхнийг залруулах хэрэгтэй. Засаглалын хямралаас гарахын тулд төвлөрлийг сааруулж ажилламаар байна. Хариуцлагын тогтолцоогоо өөрийн эрх барьж байгаа намаасаа хай. Засгийн газрын бүтэц дэх алдаа завхралаа сайд нараасаа ол. Хариуцлагагүй сайд нараа огцруул, зодоон нүдээн хийж явдаг дэд сайд нартаа хариуцлага тооц. Алдаагаа зас гэж гуйж байна.

 .

Засаг ажлаа хийж чадаагүйгээ харууллаа 

.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тулгуурлаад 2013 оны үндсэн чиглэлээ батлуулаад аваад явсан. Энэ Засгийн газар энэ онд хэрэгжүүлэх үндсэн чиглэл, төсвөө хийж чадахгүй боллоо гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөгөө биелүүлээгүй дарга инженерүүдийг огцруулдаг биз дээ. Тодотгол гэдгийг ард түмэн ажлаа улам сайжруулж байна гэж ойлгодог. Гэтэл ажлаа хийдэггүй, санаачлагаараа хийх ажлаа зогсоочихоод өнөөдөр юу оруулж ирээд байна вэ. Засгийн газрын нуруун дээр УИХ даахгүй ачаа үүрүүлээгүй. Яагаад гэвэл Засгийн газар өөрсдөө төсвийн төслөө боловсруулж оруулж ирсэн.  Бид дэмжээд батлаад, цаг хугацаанд нь хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Ард иргэд төрөл бүрийн үйлчилгээг төрөөс авах ёстой. Гэтэл энэ онд баригдаж амжаагүй сургууль, цэцэрлэгээс болж иргэд ямар их хохирол амсаж байгааг ойлгох хэрэгтэй.

 .

 Нүүрсгүй байвал гал алдах нь үнэн ч таны хийх ажил биш

.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

-УИХ-ын тогтоол хэнд ч хамааралгүй хэрэггүй ид болжээ. Арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих тогтоолыг гаргасан. Гурван сайд, Монголбанкны ерөнхийлөгчид хандлаа. Ямар ч ажил хэрэг болохгүй байна. Яамд хоорондын ажлын уялдаа холбоо байхгүй. Сайд нар яаман дээрээ тендэрээ явуулаад болоод байдаг байсан. Цаг хугацаа алддаггүй байлаа. Энэ жилээс худалдан авалтын агентлагууд ажлаа хийсэнгүй. Ерөнхий сайд, Засгийн газар  төмөр замын ажлыг бүтэн жил уялаа. Эдийн засгийн хямралыг эртнээс тооцоод, арга хэмжээ авч байх байсан. Зунжин  90 жилийн ойнуудыг тэмдэглэлээ. Зуны гурван сар найрлалаа. Төр төмөр нүүртэй байх хэрэгтэй. Ерөнхий сайд хорооны Засаг даргын ажил яриад байна. Та бодлого гаргах хэрэгтэй. Нүүрсгүй байвал гал алдах нь үнэн ч таны хийх ажил биш.

 .

Алдаагаа засаад явъя

.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Бид хойшоогоо харж биш урагшаа харж, сөргөлдөж биш зөвшилцөж ажлаа явуулах хэрэгтэй. Төсвийн орлого тасалдсаныг өөрсдөөсөө биш бусдаас хайх юм. Ийм байдлаар асуудалд хандмааргүй байна. Бодлого дээр юу нь алдаатай байгааг хармаар байна. Бизнесийн орчныг сайжруулаад алдаагаа засч явъя. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байна гэдэг байж боломгүй.  Зураггүй объект төсөвт тусгагдах нь байдаг. Гэхдээ 70 хувь нь зураг төсөвгүй байна гэж юу гэсэн үг вэ. Засгийн газрын гишүүд төсвийн дүгнэлтдээ болгоомжтой хандаарай.

 

.

Энэ төсвийг хэлэлцэхээ больё

_

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Энэ төсвийг хэлэлцэхээ больё. Бүгдээрээ хэрэгт орох нь. Авилгажсан төсвийг баталчихсан байна гээд хариуцлага хүлээх болно. Өнгөрсөн онд энэ төсвийг хэлэлцэж байх үед сайд нарын ярьж байсан яриаг уншаад өгье. Протоколыг нь Төсвийн байнгын хорооноос гаргуулж авсан юм. Жишээ нь, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Эзэн хичээвэл заяа хичээнэ  гэж ярьдаг. Бид ажлаа хийж чаддаг хэмжээнд нь хөрөнгө оруулалтаа явуулъя”. Өнөөдөр хөрөнгө оруулалт нь Улаанбаатарт 20, орон нутагт 30 хувьтай байна. Ажлаа хийж байгаа чадвар нь тэр юм уу.

.

Явган залиар хол явахгүй

.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Яагаад Засгийн газар алдаа оноогоо хүлээн зөвшөөрч чадахгүй байна вэ? Н.Алтанхуяг сайд явган залиар тайлбар хийж байна. Үүнийг Монгол Улсын Ерөнхий сайд та тэвчих хэрэгтэй. Төсвөөс гадуур долоон тэрбум төгрөг явж байна. Чингис бондын эргэн төлөлт ирэх оноос эхэлнэ. Ирэх онуудад гадаад өрийн ачаалал улам ихэснэ. Засгийн газар алдаагаа хүлээн зөвшөөрч, засч залруулаад явмаар байна.

.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Засгиин газрыг тэтгэвэрт нь гаргасан нь дээр ? Азиин тэрбумтан орсон ажиллаж засгиин газар ажилаа хииж чаддаггуй сонин юм . Монго олохын тулд ажиллах хэрэгтэй байдаг ш дээ
2013-10-20
......:
ОГЦОРУУЛ.
2013-10-18