Б.Эрдэнэбилэгийг шүүж эхэллээ
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд гэр бүлийн гурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөж, мөнгө, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг өнгөрсөн наймдугаар сарын 26-ний орой гарсан. Түүнд холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж эхэллээ. Б.Эрдэнэбилэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16 буюу шунахайн сэдэлтээр, дээрэмдэх арга хэрэглэж, гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах аргаар, хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн, энэ гэмт хэргийг давтан үйлдсэн, хоёр ба түүнээс дээш хүний амь хөнөөсөн, эрүүгийн хуулийн 126.2.1 буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдэхэдээ хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлаасан, 147.2 буюу бусдын эд хөрөнгийн дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж айлган сүрдүүлэх замаар давтан үйлдсэн зэргээр яллаж байна. Түүнчлэн 181.2.1, 181.2.5 буюу танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, 216.1 буюу зам тээврийн ослын үед хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй, оргон зайлсан гэх үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлджээ. Б.Эрдэнэбилэгийг буруутгах дээрх зүйл заалтууд нь 15-25 жил хүртэлх хугацаагаар хорих, эсвэл цаазын ял оноох хуулийн заалт юм байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд Улсын яллагчаар О.Мөнхбаатар, даргалагч шүүгчээр Б.Сарантуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Намжилжав, хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаатар, иргэний нэхэмжлэгчийн өмгөөөлөгч З.Төмөрхүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Занданбат, хохирогч Ж.Хонгор, Н.Нарангэрэл, иргэний нэхэмжлэгч Б.Энхзул нар оролцож байна.Шүүх хурал хаалттай явагдаж байна. Н.Түвшин






СЭТГЭГДЭЛ БИЧИХ